Оюутан судлаачид “ТӨГСӨЛТИЙН БАЯР”-аа тэмдэглэлээ.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн оюутан судлаачид “ТӨГСӨЛТИЙН БАЯР”-аа 2026 оны 5 дугаар сарын 6-ны лхагва гарагт АМТ-ийн байранд баяр хөөртэйгөөр тэмдэглэлээ.

Баярын үйл ажиллагаа төгсөгч 9 оюутан судлаачид хонх зүүж өгснөөр эхэлсэн бөгөөд АМТ-ийн захирал Рикардус Габут төгсөгчдөд удирдагч багшийн удирдлагаар судалгааны ажлаа хийж, "ОЮУТАН СУДЛААЧ" тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай дүүргэсэнд баяр хүргээд, "БАТЛАМЖ", үнэ бүхий зүйлийг дурсгал болгон хадгалууллаа.

"Дурсамж хичээл"-ийг хөтөлбөр хариуцсан ажилтан, доктор (Ph.D) Т. Батбямба заалаа.

Төгсөгчдөдөө зориулаад "Антоон минь баяртай" кино жүжгийг оюутан судлаач Ё.Адъяалхамын найруулгаар дэглэж, толилууллаа.

Баярын ширээг тойрон суухдаа АМТ-д өнгөрүүлсэн нандин дурсамжаа болон хөтөлбөрт хамрагдаад сурч мэдэж авсан зүйлсээ ярьцгаалаа.

Мөн баярлаж талархсан сэтгэлээ ч илэрхийлэхийн сацуу үйл ажиллагаа маань өргөжин дэлгэрэхийг ерөөлийг өргөцгөөлөө.

Баярын төгсгөлд АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарь Си Ай Си Эм байгууллагаас АМТ-ийг үүсгэн байгуулсан тэрхүү түүхэн үеийн тухай болон нэрт монголч эрдэмтэн Антоон Мостаэртын судалгааны ажил үйлээ хийж эхэлсэн талаар дурдаж, судалгааны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгыг хангаж ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлдэг Си Ай Си Эм байгууллага, АМТ-ийн захиралд талархлаа илэрхийллээ.

Эцэст нь уг баярыг хамтран зохион байгуулсан Б. Золбоо ахлагчтай хамт олонд чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлье.

 

Тайлан бичсэн Т. Батбямба

2026. 05. 07    12:10