УТГА ЗОХИОЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦДАГ ОЮУТАН СУДЛААЧИД ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

Антоон Мостэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байгаа оюутнууд 2026 оны 4 дүгээр сарын 22-ны лхагва гарагт судалгааны ажлын ерөнхий тайлангаа хэлэлцүүллээ.

Тус тайлангийн хуралд 2013-2014 оны хичээлийн жилийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, судалгааны ажлаа хийж байсан, өдгөө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарт Эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байгаа Б. Мөнх-Эрдэнэ оролцож, оюутан тус бүрийн судалгааны ажилд амаар болон бичгээр санал, зөвлөгөө өглөө.

Тайлангаа хэлэлцүүлсэн оюутан судлаачдын судалгааны ажлын сэдвүүдийг дурдъя.

  1. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш - Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн III курсийн оюутан Н. БЯМБАЖАРГАЛ

“ХААН СИЙР” БААТАРЛАГ ТУУЛИЙН ГУРВАН ХУВИЛБАРЫГ ХАРЬЦУУЛАН ШИНЖЛЭХ НЬ”

  1. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш - Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн III курсийн оюутан Б.ЛХАГВАЧИМЭГ

“С.ЧОЙСҮРЭНГИЙН ХАЙЛСАН ТУУЛИЙН ДҮР ДҮРСЛЭЛ БОЛОН АМАН ХЭЛБЭРШЛИЙН ОНЦЛОГ”

  1. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлал хөтөлбөрийн III курсийн оюутан Б.ЗОЛБОО

“МОНГОЛ ҮЛГЭР ДЭХ БААТАД БА ШИДЭТ ТУСЛАГЧИЙН ХОЛБОО ХАМААРЛЫГ ШИНЖЛЭХ НЬ”

  1. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлал хөтөлбөрийн III курсийн оюутан Ө.ХУЛАН

“МОНГОЛ ШИДЭТ ҮЛГЭРИЙГ ЖОЗЕФ КАМПБЕЛЛ (JOSEPH CAMPBELL)-ИЙН БААТРЫН АЯЛЛЫН ЗАГВАРААР ШИНЖЛЭХ НЬ”

  1. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлал хөтөлбөрийн IV курсийн оюутан Б.НОМИН

“МОНГОЛ АМАН ЗОХИОЛ ДАХЬ УРГАМЛЫГ ОНЬСОГОЛОХ ТОГТМОЛЫГ ШИНЖЛЭХ НЬ”

  1. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан Э.БУДСҮРЭН

“Ж.ОЛДРИЖИЙН “ГАЙХАМШИГТ МОНГОЛ МОРЬ” ТУУЖ ДАХЬ МОРИНЫ ДҮР”

Тайлангийн төгсгөлд Б. Мөнх-Эрдэнэ оюутан судлаачдад хандаж, “бусдын бүтээлээс эш татахдаа судлаачийн ёс зүйг чанд баримтлах нь эрдэм шинжилгээний ажлын суурь зарчим юм. Юуны өмнө шууд эшлэл авсан тохиолдолд тухайн хэсгийг заавал хашилтад авч, эх хэлбэрээр нь гуйвуулахгүйгээр үнэн зөв дамжуулах шаардлагатай. Хэрэв утгачлан дамжуулж байгаа бол мөн адил эх сурвалжийг тодорхой дурдан, зохиогчийн санааг өөрийн санаа мэтээр ойлгогдохоор бичихээс зайлсхийх хэрэгтэй. Эшлэлийн дараа зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, шаардлагатай тохиолдолд хуудасны дугаарыг зааж өгөх нь зүйтэй бөгөөд энэ нь судалгааны ажлын найдвартай, шалгагдах боломжтой байдлыг хангана. Түүнчлэн ном зүйг үйлдэхдээ судлаачийн өөрийн бичсэн бүтээл болон эмхэтгэн хэвлүүлсэн бүтээлийг ялган таньж, зохих журмын дагуу зөв авторлох шаардлагатай. Жишээлбэл, эмхэтгэлийн хувьд зөвхөн эмхэтгэгчийн нэрийг зохиогчийн адил бичихээс зайлсхийж, “эмхэтгэсэн”, “редакторласан” зэрэг тайлбарыг тодорхой тусгах хэрэгтэй. Ном зүйн бичлэгийг нэг стандарт (жишээ нь APA)-ын дагуу жигд мөрдөж, зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, бүтээлийн нэр, хэвлэлийн газар, хэвлэгдсэн хот зэргийг зөв дараалал, хэлбэрээр бичих нь чухал. Мөн бичвэрийн түвшинд цэг, таслал болон бусад тэмдэг, тэмдэглэгээг зөв байрлуулах, өгүүлбэрийн найруулгыг оновчтой болгох, үг үсгийн алдааг засах нь судалгааны ажлын чанарт шууд нөлөөлдөг. Иймээс анхаарвал зохих чухалтай.” хэмээн зөвлөснөөр тус тайлангийн хурал өндөрлөлөө.

Бидний саналыг хүлээн авч, тайлангийн хэлэлцүүлэгт оролцож, үнэтэй санал, зөвлөгөөгөө өгсөн Б. Мөнх-Эрдэнэдээ талархлаа илэрхийлж, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

 

Мэдээ бичсэн: Т. Батбямба

2026. 04. 23         10:40