Өгүүлэл бичсэн: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлал хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б. Номин
Шүүмж бичсэн: МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн III . Солонго
Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт өгүүлэл нь Антоон Мостаэрт төвөөс эрхлэн гаргадаг “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботид хэвлэгдсэн. Энэхүү өгүүлэлд монгол аман зохиолын дотроос ургамал (өвс, цэцэг, шилмүүст ургамал, улиас)-ын тухай оньсогыг сонгон, тэдгээрийн голлох шинжийг хэрхэн оньсоголсныг тодруулахын тулд ардын аман зохиолын хүүрнэн өгүүлэх төрөл зүйл (үлгэр, домог)-тэй холбон шинжилж, үр дүнг тодорхойлохыг зорьжээ. Энэхүү өгүүлэл нь:
- Хураангуй
- Түлхүүр үг
- Удиртгал
- Үндсэн хэсэг
Өвсний тухай оньсого, оньсоголох тогтмол
Цэцгийн тухай оньсого, оньсоголох тогтмол
Шилмүүс ургамлын тухай оньсого, оньсоголох тогтмол
Улиасны тухай оньсого, оньсоголох тогтмол
- Дүгнэлт
- Ном зүй гэх хэсгүүдээс бүрдэнэ.
Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь” сэдэвт өгүүллийн давуу талуудаас дурдвал:
- Ач холбогдол. Эрдэм шинжилгээний судалгаа нь тодорхой нэг ач холбогдолтой байж үнэ цэнтэй, үр дүнтэй ажил болж чаддаг. “Оньсоголох тогтмолыг судалснаар тухайн үндэстний хорвоо ертөнцийн талаарх анхны ойлголт, түүнийгээ далдлан илэрхийлсэн сэтгэлгээний загварыг тодруулна” хэмээн ач холбогдлыг оновчтой тодорхойлсон байна.
- Судлагдсан байдал. Тус өгүүлэлд он цагийн дэс дараалалтайгаар өмнөх эрдэмтдийн судалсан байдал, дэвшүүлсэн санал, нэг сэдэвт бүтээл зэргийг оруулсан нь судлагдсан байдлыг нэн тодорхой болгож, судлах үндэслэлийг гаргаж ирсэн байна. Тухайлбал, “Монгол аман зохиол дахь ургамлын дүр, дүрслэл, өгүүлэмжийг тусгайлан судалсан судалгаа ховор. Профессор С. Дулам Монгол угсаатны утга соёл дахь ургамлын бэлгэдэл (2018) өгүүлэлдээ оньсого, зүйр цэцэн үг, бөө мөргөлийн яруу найраг, домог зэрэг аман зохиолын төрөл зүйлсэд тулгуурлан зарим ургамлын бэлгэдэлт утгыг тайлбарлажээ” хэмээн өөрийн судлах үндэслэлийг тодорхойлжээ.
- Эшлэл, зүүлт: Тус өгүүлэлд бусад эрдэмтний бүтээлээс авсан баримт, мэдээллүүдэд маш тодорхой эшлэл, зүүлт хийж, оюуны өмчид хүндэтгэлтэй хандсан.
- Хэл, найруулга. Эрдэм шинжилгээний хэл, найруулгад тохирсон оновчтой үгсийг ашиглаж, зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн.
- Дүгнэлт. Өвс, цэцэг, шилмүүст ургамал, улиасны оньсоголох тогтмолыг судалгааны үндэслэлтэй тайлбарлан тодорхойлсон. Жишээ нь, “Өвсний тухай оньсого нь ертөнцийн ба хүний үүслийн домогтой газар дэлхий-өвс ургамал-хүн үүссэн зүй тогтлоор холбогдож байна. Мөн өвс ургамал идэш тэжээлийн гинжин хэлхээний анхдагч нь болох ба хүн зэр зэвсэг эзэмшин ан гөрөө хийж, өвсөн тэжээлтнээс махан идэштэн болж өөрчлөгдсөн өгүүлэмжийг оньсогод товчлон хураажээ. Тийнхүү өвсний дэлхийд зайлшгүй байх хэрэгцээ ба их, олон, үрждэг зэрэг шинж нь өвсийг оньсоголох тогтмол болдог.” хэмээн тодорхой дүгнэсэн.
Анхаарах шаардлагатай талууд:
- Судалгааны аргуудад задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тайлан тайлбарлах аргуудыг тусгажээ. Гэвч судалгааны үндсэн хэсэгт буй “Хүн яагаад махан хүнстэн болсон тухай домог”-ийг оруулж, үүнд зүүлт хийхдээ “Энэ домгийг 1981 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ард Магсарын Мишигээс /73 настай, халх/” гэж тусгажээ. Дээр дурдсан судалгааны аргуудыг авч үзэх юм бол энэхүү судалгаанд асуулгын арга тусгагдаагүй. Харин энэхүү зүүлтээс анзаарвал асуулгын аргаар тодорхой нэг судлуулагчаас баримт мэдээлэл цуглуулсан гэж ойлгогдож болохуйц байна. Тиймээс энэхүү домгийг авсан эх сурвалжийг тодорхой дурдаж өгвөл зохистой.
- Үндсэн хэсэгт
Өвсний тухай оньсого, оньсоглох тогтмол
Цэцгийн тухай оньсого, оньсоглох тогтмол
Шилмүүст ургамлын тухай оньсого, оньсоголох тогтмол
Улиасны тухай оньсого, оньсоглох тогтмол гэх мэтээр дэс дугааргүй оруулсан байна.
- Өвсний тухай оньсого, оньсоглох тогтмол
- Цэцгийн тухай оньсого, оньсоглох тогтмол
- Шилмүүст ургамлын тухай оньсого, оньсоголох тогтмол
- Улиасны тухай оньсого, оньсоглох тогтмол
- Судалгааны дүгнэлт хэсэгт буй “...бүтэц хэлбэрийг адил төстэй малгайтай адилтгаж хүншүүлэн дүрсэлсэн...” гэх өгүүлбэрт үг давтсан найруулгын алдаа гарсан байна.

Үүнийг “...бүтэц хэлбэрийг малгайтай адилтгаж хүншүүлэн дүрсэлсэн...” хэмээн солин найруулбал зохимжтой.
- Ном зүй хэсэгт үсгийн дарааллыг баримталсан ч тодорхой нэг зохиолчийн хоёр бүтээлийг оруулахдаа оны дарааллаар оруулбал зохистой.
Дүгнэлт
Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нь тодорхой ач холбогдолтой, онолын үндэслэлтэй сайн судалгаа болжээ. Энэхүү судалгаа нь баримт мэдээлэл, онол, арга зүйн хувьд ололттой тал их байсан ч зарим нэг хэл найруулга, бүтэц загвар дээр дахин анхаарах шаардлагатай гэж дүгнэж байна.



