Өгүүлэл бичсэн: МУБИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын багшийн II ангийн оюутан Ү. Солонго

Шүүмж бичсэн: МУБИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын багшийн IV ангийн оюутан С. Цэлмүүн

 

Тус өгүүллийг сонгон авч, санал, шүүмж дэвшүүлснээр оюутан Ү.Солонгод дараа дараагийн төлөвлөгөөндөө анхааран ажиллахад хөшүүрэг болно хэмээн найдаж байна. Мөн судалгааны гол зорилго болох тухайн үгийн илрэх байдлыг хэрхэн тодорхойлсон эсэх, ямар дүгнэлтэд хүрч, ямар ном, сурах бичиг, эх хэрэглэгдэхүүнийг ашигласан талаар сонирхсонд оршино.

Үнэнбүрэн овогтой Солонго нь МУБИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын багшийн ангийн оюутан бөгөөд II курстээ тус өгүүллийг бичсэн. Түүний удирдагч багш нь МУБИС-ийн НХУС-ийн МХТ-ийн багш, доктор Р.Сарангэрэл /Ph.D/ юм.

Өгүүллийн бүтэц:

Агуулгын товч

Түлхүүр үг

Удиртгал хэсэг

Үндсэн хэсэг

Дүгнэлт

Эх хэрэглэгдэхүүн

Ном зүй гэсэн хэсгүүдээс бүрджээ. Ийнхүү доор тус өгүүллийн бүрдэл хэсэг бүрийг задлан шинжилж, санал, шүүмжийг дараах байдлаар тэмдэглэв.

Агуулгын товч хэсэгт нутгийн аялгуу судлалыг хэрхэн ангилдаг, тэр дундаа газар зүйн аргаар судлах нь тухайн аялгууны хэлний онцлог (дуудлага, хэлбэр) хэрхэн нутаг нутгаар ялгаатай тархаж буй илэрхийлэх чухал ач холбогдолтой талаар өгүүлсэн ба “Тиймээс энэхүү өгүүлэлд Монгол хэл аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьслыг газар зүйн байрлалд тулгуурлан судалж, үр дүн гаргасан” хэмээн тодотгожээ.

Санал, шүүмж:

  1. Агуулгын товч хэсэгт тухайн судалгааны ямар асуудлыг ямар зорилгоор судалсан, түүнийг шийдвэрлэхийн тулд ямар арга зүй хэрэглэсэн, судалгаанаас ямар гол үр дүн гарсан, тэдгээрт үндэслэн ямар дүгнэлт хийсэн зэргийг шинэ мэдээлэл нэмэлгүйгээр товч, ойлгомжтой байдлаар нэгтгэн бичих үндсэн шаардлагатай байдаг. Тиймээс энэхүү агуулгын товчид буй өгүүлэмжийг удиртгал хэсэгт “Нутгийн аялгуу судлал”, “Судалгааны арга, арга зүй” хэмээн зүйлчлэн тусган өгсөн нь зүйтэй гэж үзэж байна.
  2. “Тиймээс энэхүү өгүүлэлд Монгол хэл аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьслыг газар зүйн байрлалд тулгуурлан судалж, үр дүн гаргасан” өгүүлбэрт буй “Монгол хэл” гэх үгийг жижгээр бичих.

Түлхүүр үг: Халх аялгуу, буриад аялгуу, ойрад аялгуу, өвөрлөгч аялгуу, алчуур, авианы хувьсал, хэлбэрийн ялгаа

Санал, шүүмж: Эдгээр үгс нь тус өгүүллийн гол агуулга, утга санааг илэрхийлж чадахуйц байна. Гэвч өгүүлбэр биш учир бүх үгсийг жижгээр бичих шаардлагатай.

УДИРТГАЛ

Сэдвийн үндэслэлд монгол хэл, аялгууны авианы сэлгэц, зүй тогтлыг газар зүйн байрлалын үүднээс тусгайлан судалсан судалгаа хомс байгааг мөн ӨМИС-ийн Монгол судлалын төвийн газар зүйн судалгааг дэлгэрэнгүй байдлаар дурдаж өгч өөрийн судалгааны хэрэгцээ шаардлагыг илэрхийлж чаджээ.

Санал, шүүмж:

  1. Сэдвийн үндэслэлээс өмнө судлагдсан байдлыг дурдаж өгвөл уншигчдад энэхүү судалгааны шинэлэг тал, ач холбогдол нь илүү тодорхой болж өгнө.  
  2. “Монгол хэл, аялгууны сэлгэц, зүй тогтлыг судалсан судалгаа олон боловч газар зүйн байрлалын үүднээс үгийн тархац, авианы хувьслыг тусгайлан гаргасан судалгаа ховор байна” гэх өгүүлбэрийг өгүүлэмжийн хамгийн эхэнд бичих нь оновчгүй юм. Яагаад гэвэл тус сэдвийг сонгон судлах болсны гол мөн чанарыг энэ өгүүлбэр илтгэж байгаа учир хамгийн төгсгөлд нь бататгаж дурдвал тохиромжтой билээ.

Судалгааны ажлын зорилго нь Монгол хэл аялгуун дахь “Алчуур” гэх үгийн тархац ба авиа зүйн хувьслыг тайлбарлан тодорхойлох.

Санал, шүүмж:

  1. Судалгааны ажлын зорилго нь хэт нуршуу биш тодорхой бөгөөд дүгнэлт нь уг зорилгын хэрэгжилтийг илэрхийлж байна.
  2. Дээрх зорилгод үндэслэн зорилт дэвшүүлээгүй байна. Судалгаанд зорилт дэвшүүлэхгүй байх нь судалгааны явц тодорхой чиглэлгүй болох, зорилгодоо хүрэх алхмууд тодорхойгүй болох, үр дүнг үнэлэх шалгуур сулрах, судалгааны логик уялдаа алдагдах, мөн дүгнэлт нь хангалттай үндэслэлтэй, ойлгомжтой гарч ирэхэд хүндрэл учруулах зэрэг сул талуудыг бий болгодог.

Сэдвийн судлагдсан байдал: Монгол хэл, монгол судлал болон монгол хэлний нутгийн аялгуу судлалын талаар дэлгэрэнгүй дурдаж өгчээ.

ҮНДСЭН ХЭСЭГ

  1. “Алчуур” гэх үгийн гарал

“Алчуур” гэх үгийн гарлыг Монгол үгсийн язгуурын тольд тулгуурлан тайлбарласан.

  1. Өвөр монгол дахь “алчуур” гэх үгийн тархац

Энэ хэсэгт Өвөр Монгол дахь “алчуур” гэх үгийн тархцыг зураг, хүснэгт хавсаргаж харуулахыг зорьжээ.

Зураг 1. Өвөр монголын газрын зураг

Зураг 2. Хөлөн буйр аймгийн газрын зураг

Зураг 3. Жирим аймгийн газрын зураг

Зураг 4. Хинган аймгийн газрын зурагт “алчуур” үгийн тархцыг тэмдэглэн харуулж харалдаа хүснэгтэд авиа зүйн хувьслыг илтгэсэн галиг болон байршлын тэмдэглэгээг багтаасан байна.

Санал шүүмж:

  1. Газар зүйн байршлаар “алчуур” гэх үгийн тархцыг харуулсан байгаа нь зорилго хэрэгжсэнийг илтгэх хамгийн чухал давуу тал юм.
  2. Хүснэгтэд буй “алчуур” хэмээх үгийн авианы хувьслыг илтгэх галиг үсгийг ямар галигаар бичсэн гэдгээ тодорхой дурдах хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь уншигчид галигийг зөв ойлгох, харьцуулах зэрэг боломжийг хангахын тулд ямар галигийг ямар зарчмаар хэрэглэснийг ил тод болгож өгөх нь академик бичгийн үндсэн шаардлагын нэг юм.
  3. Газрын зураг дээрх тоо, тэмдэглэгээ огт харагдахгүй байгаа тул зургийн сонголтоо зөв хийгээрэй гэж зөвлөж байна. /Гэхдээ энэ нь хэвлэлээс хамааралтай байж болзошгүй/
    1. Монгол Улс дахь хэл аялгууны “алчуур” гэх үгийн тархац

Тус хэсэгт:

Зураг 5. Халх аялгуун дахь “алчуур” гэх үгийн тархцын тэмдэглэгээ

Зураг 6. Ойрад аялгуун дахь “алчуур” гэж үгийн тархцын тэмдэглэгээ

Зураг 7. Буриад аялгуун дахь “алчуур” гэ үгийн тархцын тэмдэглэгээ, галиг, дуудлагыг багтаасан хүснэгт хамарна.

Санал шүүмж:

  1. Эхний хүснэгтэд галиг тэмдэглэгээ, хоёр дахь хүснэгтэд үгийн тайлбар, галиг, тэмдэглэгээ, гурав дахь хүснэгтэд дуудлага, галиг, тэмдэглэгээ гээд гурван өөр янзтай байна. Хүснэгт тус бүр ижил бүтэцтэй байх нь зүйтэй байх.
  2. Өвөр Монгол дахь “алчуур” гэх үгийн тархац хэсэгт байршлын нэр буюу аймаг, хотыг нэг бүрчлэн дурдаж өгөөд Хөлөн буйр, Жирим, Хинган аймгуудыг дэлгэрүүлж авч үзсэн байна. Үүн дээр үндэслэж “Халх, ойрад, буриад аялгууны “алчуур” гэх үгийн тархцыг судлахдаа аймаг, сум тус бүрийн ялгаатай шинж байдлыг нарийвчлан судлахгүй байсан уу?” гэх асуултыг дэвшүүлье.

 

  1. “Алчуур” гэх үгийн авианы хувьсал
    1. Өвөрлөгч аялгуун дахь “Алчуур” гэх үгийн авианы хувьсал , авиа сэлгэц

Өвөрлөгч аялгуун дахь “Алчуур” гэх үгийн хэлбэрийн ялгаа

  1. Халх аялгуун дахь “Алчуур” гэх үгийн авианы хувьсал, авианы сэлгэц гэх дэд хэсгүүдээс бүрджээ.

Санал шүүмж:

1. Өвөрлөгч аялгуун дахь авианы хувьсал буюу сэлгэцийг тайлбарлахдаа Жирим, Үзэмчин, Хинган гэх мэтчилэн аймаг тус бүрд ямар ямар сэлгэц ажиглагдсан болохыг тоочин дурдсан байгаа бол халх аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьсал, сэлгэцийг ерөнхийд нь авч үзсэн байна. Өгүүлэлд хавсаргасан Монгол Улсын газрын зурагт Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн “алчуур” гэх үгийн тархцын тэмдэглэгээг хийжээ.

Ж.Санжаа, Г.Батзаяа нар “Монгол хэл хэмээгч нь ерөнхий, хийсвэр, бүхэл шинжтэй бөгөөд энэхүү хэл нь тусгай, бодитой, хэсэг зүйл болох халх, ойрад, буриад, өвөр монгол хэл аялгуудаас бүрджээ. Гэвч нэг талаас тусгай, бодитой, хэсэг зүйл болох нутгийн аялгуу, жишээлбэл, халх аялгуу нь дотроо төв халх, дорнод халх, өрнөд халх хэмээх аман аялгуунуудад хуваагдах учир эргээд ерөнхий, хийсвэр, бүхэл зүйл болно. Энэхүү ерөнхий, хийсвэр, бүхэл зүйл болох аман аялгуу нь мөн дотроо салбар аман аялгуудад, тухайлбал, төв халх нь говийн халх, Өвөрхангайн халх; дорнод халх нь дарьгангын халх; өрнөд халх нь сартуул халх, элжигин халх, хотгойд халх, дархад гэх мэтээр мөн л тусгай, бодитой, хэсэг зүйлүүдэд хуваагдана. Үүний нэгэн адил өвөр монгол, буриад, халимаг (ойрад) монголчуудын хэлэлцэх хэл аялгуу нь нэг талаас ерөнхий, хийсвэр, бүхэл шинж бүхий бие даасан хэлний шинжтэй, нөгөө талаасаа тусгай, бодитой, хэсгийн шинж бүхий нутгийн аялгууны шинжтэй юм.[1]

Ц.Өнөрбаян нарын 2020 онд хэвлүүлсэн Орчин цагийн монгол хэлний нутгийн аялгуу бүтээлд дурдсанаар буюу хамгийн сүүлийн ангиллаар гурван улсын хил дамнан суугаа ойрадууд дөрвөд, баяд, торгууд, хошууд, захчин, урианхай, өөлд, мянгад, хотгойд, дархад, хотон, тува гэсэн 12 аман аялгуутай гэж тогтоожээ.

Тиймээс монгол хэл аялгуун дахь “алчуур” гэх үгийн тархац болон авианы хувьслыг судлахдаа тэдгээрийн салбар аман аялгуу тус бүрд няхуур хандаж задлан шинжлэх нь судалгааны бодит үр дүнд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

 

ЕРӨНХИЙ ШҮҮМЖ

Давуу тал: Энэхүү өгүүлэлд “алчуур” гэх үгийг сонгон авч, түүний гарал, утга, авианы хувьсал болон нутаг нутгийн тархцыг уялдуулан судалсан нь судалгааны хувьд ихээхэн оновчтой, сонирхолтой сэдэв болсон байна. Түүнчлэн үгийн утгыг язгуур морфемоос нь эхлэн задлан шинжилж, эртний хэлний үүднээс холбон тайлбарласан нь онолын хувьд суурь сайтай, хэл шинжлэлийн арга зүйг зөв ашигласан гэж харагдаж байна. Мөн нутгийн аялгууг газар зүйн байрлалтай холбон авч үзсэн нь тухайн үгийн тархалт, авианы өөрчлөлтийг илүү бодитой, системтэй ойлгоход чухал ач холбогдолтой бөгөөд өмнөх судалгааны үр дүнтэй уялдуулсан нь судалгааны ажлын үнэ цэнийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн халх, буриад, ойрад болон өвөрлөгч аялгуунуудыг харьцуулан авч үзсэн нь судалгааг өргөн хүрээнд харуулж, зөвхөн нэг аялгуугаар хязгаарлагдахгүй, монгол хэлний дотоод ялгаа, хөгжлийн зүй тогтлыг илүү тодорхой гаргаж өгсөн байна. Авианы сэлгэц, эгшиг гийгүүлэгчийн өөрчлөлт, хувьсал зэрэг үзэгдлийг жишээгээр тайлбарласан нь практик ач холбогдолтой бөгөөд уншигчид ойлгоход дөхөм болгожээ. Ерөнхийд нь авч үзвэл энэхүү судалгаа нь онол ба хэрэглээг хослуулсан, өмнөх судалгаанд тулгуурлаж ажиглалт, харьцуулалт бүхий хэл шинжлэлийн судалгааны шаардлагыг хангаж чадсан, шинжлэх ухааны ач холбогдолтой бүтээл болсон байна.

Сул тал: Судалгааны арга зүйг илүү тодорхой, системтэй тайлбарлаагүй, жишээ баримтуудын эх сурвалжийг бүрэн тодорхой дурдаагүй нь судалгааны найдвартай байдалд эргэлзээ төрүүлэхээр байна. Зарим хэсэгт агуулга давхардсан, эсвэл логик дараалал сул, эмх цэгцгүй санагдах бөгөөд дүгнэлт хэсгийг хангалттай тодорхой, нэгтгэн зангидсан байдлаар бичээгүй байна.

            Мөн өгүүлэлд “Алчуур”, “алчуур” гэсэн хоёр янзаар бичигдсэн байгаа тул үүнийг засах шаардлагатай. Мөн өгүүллийн туршид “Өмөр монгол” гэж бичсэн байна. “Өвөр Монгол” нь бүхэлдээ газар зүйн нэр учир томоор бичих шаардлагатай. Энэ мэтчилэн зөв бичих дүрмийн алдаатай цөөн хэдэн алдаа байна.

           Эцэст нь хэлэхэд дээрх шүүмжид ул суурьтай хандан судалгааны арга зүй, жишээ баримтын тайлбарыг илүү нарийвчлан баяжуулж, төгсгөлд нь үр дүнгээ нэгтгэн дүгнэсэн цэгцтэй дүгнэлтийг шигтгэж өгвөл уг судалгааны ажлын чанар, ойлгомж, шинжлэх ухааны үнэ цэн илүү өндөрсөх боломжтой байна.

 

Ном зүй

1. Солонго, Ү. (2025). “Алчуур” гэх үгийн тархац ба авианы хувьсал. Эрдмийн хэлхээ, Боть XIV. Улаанбаатар: Арвай бархан. х47-57

2. Төмөртогоо, Д., нар. (2020). Монгол хэл судлалын түүх I боть монгол хэл, аялгуу, үсэг бичиг, авиа судлал. Улаанбаатар

3. Өнөрбаян, Ц. (2020). Орчин цагийн монгол хэлний нутгийн аялгуу. Улаанбаатар: Хаан үсэг

 

[1] Д. Төмөртогоо нар. (2020). Монгол хэл судлалын түүх I боть монгол хэл, аялгуу, үсэг бичиг, авиа судлал. Улаанбаатар