Өгүүлэл бичсэн: МУИС-ийн Утга зохиол судлалын хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ц.Төгсбаатар
Шүүмж бичсэн: МУИС-ийн МХУЗ-ын хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М.Адъяасүрэн
Ц.Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэл нь Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний XIX ботид хэвлэгдсэн болно. Тус өгүүлэлд хот суурины хүн зоны иргэншил, аж төрөх ёс, маяг, зан суртахуун, амьдралын хэмнэлийг өөртөө гүн шингээсэн уран бүтээлийн ай хүрээ болох хотын уран зохиол гэх ойлголтыг тодруулахыг зорьжээ. Ингэхдээ “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийн жишээн дээр авч үзэж, тэдгээрийг тайлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргаар задлан шинжилсэн байна.
Энэхүү өгүүлэл нь:
- Товч агуулга
- Түлхүүр үг
- Удиртгал
- Үндсэн хэсэг нь:
- Зохиолууд дахь хотын хүний дүр (зан төрх) ба үйл явдал
- Зохиолууд дахь хотын орчин, уур амьсгал
- Дүгнэлт
- Ном зүй гэсэн 6 хэсгээс бүрдсэн байна.
Агуулгын хувьд монголын уран зохиолд 1990-ээд онд нийгмийн шилжилт, улс төрийн дэглэмийн өөрчлөлттэй холбоотойгоор олон уран зохиолын нэгдэл, бүлгэм тодрон гарсны нэг “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийг задлан шинжилсэн байна.
Ц.Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэлд дараах хэд хэдэн сайн талууд байна.
- Судалгааны сэдэв болон хамрах хүрээ: Тус өгүүлэл нь 1990-ээд оны монголын нийгмийн шилжилтийн үеийн уран зохиол дахь өөрчлөлтийг “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн хүүрнэл зохиолын жишээн дээр авч үзсэн. Судалгааны сэдэв нь орчин үеийн монголын уран зохиолын судлалд харьцангуй бага судлагдсан “хотын уран зохиол” хэмээх ойлголтыг тодруулахад чиглэсэн бөгөөд шинэлэг, ач холбогдолтой. Хамрах хүрээний хувьд 1990-2000 онд хэвлэгдсэн бүтээлүүдийг сонгон авч, тодорхой нэг бүлгэмийн хүрээнд төвлөрсөн нь судалгааг оновчтой болгожээ.
- Онолын суурь: Өгүүлэлд С.Энхбаяр, Д.Галбаатар, М.П.Петрова зэрэг олон судлаачийн бүтээлд тулгуурлан хотын уран зохиолын ойлголт, суурь шинжийг тодорхойлсон нь онолын хувьд хангалттай суурьтай.
- Өмнөх судлаачдын бүтээл, судалгаануудад хүндэтгэлтэй хандаж, тэдний судалгааны байр суурийг авч үзэж, эшлэл авсан. Мөн хотын уран зохиолын тухай ойлголт монголын уран зохиол судлалд хэрхэн хөгжиж буйг дурдсан нь давуу тал болж байна.
- Уг өгүүлэлд тавьсан зорилго нь “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн бүтээлүүдийн жишээгээр хотын уран зохиолын шинжийг тодруулах байсан бөгөөд уг зорилгодоо хүрсэн. Зохиолуудын дүрийн сэтгэл зүй, хотын орчин, уур амьсгал, дарамт, хэмнэл зэргийг задлан шинжилж, хотын уран зохиолын онцлогийг илрүүлсэн.
- Дүгнэлт хэсэг нь судалгааны үр дүнг нэгтгэн гаргасан. Ялангуяа зохиолууд дахь хотын уран зохиолын шинжийг дүрийн зан төрх, сэтгэл зүй, хотын орчин, уур амьсгал, соёл, дарамт, хэмнэл зэрэгтэй уялдуулан тодорхойлсон нь судалгааны гол санааг тодруулж өгсөн. Мөн хотын уран зохиол нь зөвхөн орчны дүрслэл бус, хотын хүний амьдралын хэмнэл, сэтгэл зүй, үнэлэмж, үнэт зүйлсийг илэрхийлдэг гэсэн дүгнэлт нь онолын ач холбогдолтой.
Тус өгүүлэл нь онолын ач холбогдолтой, тодорхой эх хэрэглэгдэхүүнд тулгуурласан, зөв бүтэц, агуулгатай, тодорхой зорилгын хүрээнд үр дүнд хүрсэн боловч дараах хэд хэдэн чиглэлээр сайжруулбал зохимжтой байна. Үүнд:
Нэгдүгээрт, найруулгын алдааг засах. Өгүүлбэрүүд урт, нуршсан, нэг өгүүлбэрт хэд хэдэн санаа холилдсон байдлаар бичсэн нь уншихад төвөгтэй болгож байна. Тиймээс өгүүлбэрийг хураангуйлж, нэг өгүүлбэрт нэг санаа оруулах хэрэгтэй. Мөн нэг үгийг хэт олон удаа давтсан нь тухайн өгүүллийг уншиж буй хүнд уйтгартай, нэг ойлголтыг дахин дахин давтаж байгаа мэт санагдах магадлалтай учир утга ойролцоо үг, хэллэгээр солин найруулах боломжтой.
Хоёрдугаарт, өгүүллийг илүү тодорхой хэсгүүдэд ялгаж, дэд гарчиг оруулах. Жишээ нь судалгааны удиртгал хэсэгт судалгааны зорилго, зорилт, судлагдсан байдал, шинэлэг тал, ач холбогдол, арга зүй гэх мэтээр ялгах шаардлагатай.
Дүгнэлт
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгч Ц.Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэл нь онолын түвшинд алдаа дутагдалгүй, нарийн судалгаа болжээ. Иймд, уг судалгаа нь тухайн үеийн болон орчин үеийн уран зохиол, тэр дундаа хотын уран зохиолыг тайлбарлах, судлахад ашиглах чухал академик ач холбогдолтой байна. Цаашид зарим найруулгын алдаа болон бүтцийн логик дарааллыг тодорхой болгож, системчилсэн байдлаар өргөжүүлбэл зохимжтой.
Ашигласан ном зүй:
Эх хэрэглэгдэхүүн
- Төгсбаатар, Ц. “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” Эрдмийн хэлхээ XIV (2025): 57-65

