Өгүүллийн зохиогч: МУИС-ийн БМХУЗ хөтөлбөрийн IV түвшний оюутан З. Анужин
Шүүмж бичсэн: МУИС-ийн БМХУЗ хөтөлбөрийн III түвшний оюутан Ч. Өнөрзаяа
З. Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэл нь Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний XIX ботид хэвлэгдсэн болно. Тус өгүүлэлд монгол хэлний нийлмэл дагавар болох “γalja” дагаврыг утга, бүтэц, байрыг хам болон цуваа цагийн үүднээс тодруулахыг зорьжээ. Энэхүү өгүүлэл нь:
- Товч агуулга
- Түлхүүр үг
- Удиртгал
- Судлагдсан байдал
- Үйлээс үйл үг бүтээх –γalja дагаврын утга
- –γalja дагаврын –γa хэлбэрийн учир
- Зөвхөн –γalja хэлбэрээр тохиолдож буй хэлбэр
- –γalja дагаврын хувилбар, байр, харьцаа
- Дүгнэлт
- Ном зүй
Тус өгүүллийн агуулгыг товч дурдвал монгол хэлний нийлмэл дагаврыг бүтэц, байр, утгын талаас нь судалсан бөгөөд судлаачдын олон талын саналыг дурдаж, тухайн дагаврыг хэлний баримтаар ямар утга, бүтэцтэйг илэрхийлэхээр зорьжээ.
З.Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэлд дараах хэд хэдэн сайн талууд байна.
- Судалгааны сэдэв болон хамрах хүрээ тодорхой - Тухайн –γalja дагавар нь өмнө нь судлагдаж байсан боловч бүх талаас судлагдаагүй гэх санааг зохиогч товч агуулгадаа “Тус судалгаанд бүх талаас нь судлагдаагүй, –γalja хэмээх нийлмэл дагаврыг сонгож утга, бүтэц, байр, хувилбарыг нь тодорхойлон судлаачдын дунд нийлмэл дагавар биш, мөн гэсэн зөрүүтэй саналыг нэгтгэхийг оролдлоо” хэмээн бүтээврийн судлагдахууны бүх тохиолдлоос судлагдаагүй байгааг тодруулан дурдсан байна.
- Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцийн дагуу, дэс дараалалтай – Тус судалгааны ажил нь ойлгомжтой ерөнхийгөөс нэгж, нэгжээс ерөнхий гэсэн бүтцийн дагуу ойлгомжтой цэгцтэй болжээ.
- Өмнөх судлаачдын бүтээл, судалгаануудад хүндэтгэлтэй хандаж, тухайн дагаврыг аль нэг талаас нь судалсан эрдэмтнийг дурдаж, юу гэж үзсэн тухай товч дурджээ. Жишээлбэл, “Л.Болд -валз, -галз, -лз дагаврыг тухайн үйлийг ахин давтсан байдлыг утгатай мөн янз бүрийн хөдөлгөөн заасан үйл үг үүсгэнэ (1986: 126) гэж үзээд ань-валз, эргэ-лз, най-галз, хар-галз, сана-галз, яр-лз, сорт-лз, сээт-лз, сарвай-лз, улай-лз гэх мэт жишээ татжээ”[1] хэмээн судлагдсан байдлыг дэлгэрэнгүй бичжээ.
- Уг өгүүлэл тавьсан зорилгын дагуу судлаачдын саналыг дурдаж үргэлжлүүлэн –γalja дагавартай үгсийг толь бичгээс түүж, хэлний баримтыг цуглуулсан бөгөөд утгат хэсгээр ангилан хүснэгтэлсэн нь академик бичлэгт тохиромжтой болжээ.
- Дүгнэлт тодорхой – “-лз дагавар -га, -ма, -ва, -ба гэсэн хагас үүрэгтэй дагаврын араас тохиолдож байгаа хэлбэр юм. -γalja дагавар нь сана-галз, хар-галз, түд-гэлз гэх мэт цөөн үгийн бүтцэд идэвхтэй хэрэглэгдэж байгаа хэлбэр нь идэвхтэй үйл язгуураас сэтгэл хөдлөлийн байдал илэрхийлэх утгатай үг үүсгэх -галз хэмээх дагавар болж төсөөгөөр үүсэн хэвшжээ.”[2] хэмээн судлаачдын саналыг нэгтгэн залгавар бүтээврээс гадна язгуур бүтээврээсээ хамаарч тухайн дагаврын утга, үүрэг ялгаатай байна гэж дүгнэжээ.
Үүний зэрэгцээ зарим дутагдалтай талуудыг дурдваас:
- Техник алдаа
Дээрх үгсийн утга аль толь бичигт байгааг тодорхой дурдаагүй байна. Нэг толь бичгээс тайлбарыг авсан уу, өөр өөр толь бичгүүдээс авсан уу гэдэг эргэлзээ уншигчдад төрнө. Тиймээс эх сурвалжийг тодорхой болговол зохимжтой болно.
2. Найруулгын алдаа
- γa төгсгөлт язгуурын араас -lja хэлбэрээр тохиолдож байгаа нэг хэсэг байгаа ба үүнийг шууд -γalja гэж үзэх болохгүй юм. [3] үсэг эндүүрч бичсэн алдаа байх боломжтой. “-γalja гэж үзэж болохгүй юм” зэргээр солин найруулбал зохимжтой болно.
3. Зарим нэр томьёоны тухай – Ерөнхий хэл шинжлэлийн онолын үүднээс юуны өмнө утга үүргээр нь язгуур, залгавар гэж хоёр ангилна. Залгавар бүтээврийг язгууртай хэрхэн байрлах дээр нь тулгуурлаж, угтвар, оруулбар, дагавар гэж ангилдаг.[4] Тиймээс тус өгүүлэлд -γalja дагавраар хэлбэржсэн[5] дараагийн тайлбарт -γalja бүтээвэр залгаж байгаа бөгөөд[6] хэмээн өөр өөр үгээр тайлбарласан нь бага зэрэг ойлгомжгүй байна. Үүнийг өгүүлэлдээ жигдэлж, нэг нэр томьёог ашиглавал зохимжтой болов уу.
Дүгнэлт: Антоон мостаэрт тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгч З.Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэл нь онолын түвшинд алдаа дутагдалгүй, маш нарийн судалгаа болжээ. Хэлний хамгийн бага утгат нэгж болох бүтээврийн судалгаа нь бүтэц хэл шинжлэлийн судалгаанд чухал ач холбогдолтой юм. Энэ үүднээс эрдэм шинжилгээний бүтцийн хувьд цэгцтэй, зорилго зорилт тодорхой бөгөөд тухайн дагаврыг хэлний баримтаар тодруулан дүгнэсэн нь оновчтой сайн судалгаа болжээ. Цаашид зарим техник алдаа болоод нэр томьёог ашиглахдаа анхаарвал зохимжтой байна.
Ашигласан ном зүй:
Эх хэрэглэгдэхүүн
- Анужин, З. “Монгол хэлний -γalja дагаврын тухай” Эрдмийн хэлхээ XIV (2025): 57-65
Судалгааны бүтээл
- Өнөрбаян. Ц. “Орчин цагийн монгол хэлний үг зүй” УБ хот. (2004): 104
[1] З.Анужин “Монгол хэлний γalja дагаврын тухай” Эрдмийн хэлхээ XIV. (Улаанбаатар: Арвай Бархан, 58)
[2] З.Анужин “Монгол хэлний γalja дагаврын тухай” Эрдмийн хэлхээ XIV. (Улаанбаатар: Арвай Бархан, )
[3] З.Анужин “Монгол хэлний γalja дагаврын тухай” Эрдмийн хэлхээ XIV. (Улаанбаатар: Арвай Бархан, 59)
[4] Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” (Улаанбаатар:2004, 104)
[5] З.Анужин “Монгол хэлний γalja дагаврын тухай” Эрдмийн хэлхээ XIV. (Улаанбаатар: Арвай Бархан, 59)
[6] З.Анужин “Монгол хэлний γalja дагаврын тухай” Эрдмийн хэлхээ XIV. (Улаанбаатар: Арвай Бархан, 59)
