Оюутан судлаач Э. Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн Б. Лхагвачимэгийн шүүмж (12)

Өгүүлэл бичсэн: МУБИС-НХУС Монгол хэл, уран зохиолын багш боловсрол хөтөлбөрийн III түвшний оюутан Э. Будсүрэн

Шүүмж бичсэн: МУИС-ийн БМХУЗБ хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Лхагвачимэг

1. Оршил хэсэг

Э.Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог”[1] өгүүлэл нь Антоон Мостаэрт төвөөс эрхлэн гаргадаг “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботид хэвлэгдсэн. Судалгааны хүрээнд болзолт дүрслэлийн онолын суурь ойлголтыг тодорхойлж, түүний уран зохиолд илрэх хэлбэр болох зүүдний дүрслэл, гротеск, далдын хүч зэргийн онцлогийг П.Батхуягийн өгүүллэгүүдэд хэрхэн туссаныг задлан шинжлэхийг зорьжээ. Энэхүү өгүүлэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  1. Хураангуй
  2. Түлхүүр үг
  3. Удиртгал
  4. Үндсэн хэсэг
  5. Дүгнэлт
  6. Ном зүй

Эл өгүүллийн үндсэн хэсэг нь гурван дэд хэсгээс бүрдэх ба П.Батхуягийн дараах гурван өгүүллэгт болзолт дүрслэлийн өөр өөр аргууд хэрхэн илэрч буйг тайлбарласан байна. Тухайлбал:

  1. “Хүрэл зүрх” өгүүллэгт далдын хүчний дүрслэлийг ашигласан нь
  2. “Далавч” өгүүллэгт зүүдний дүрслэлийг ашигласан нь
  3. “Загас мэт” өгүүллэгт гротескийг ашигласан нь гэх гурван дэд хэсэгт хуваан тайлбарлажээ.

2. Агуулгын товч дүгнэлт

2.1. Судалгааны үндсэн санаа

Болзолт дүрслэлийн онолын ойлголтыг монгол болон гадаадын судлаачдын бүтээлд тулгуурлан тодорхойлж, тухайн нэг зохиолчийн бүтээл туурвилд хэрхэн илэрч буйг судлахад эл өгүүллийн үндсэн санаа оршиж байна. Түүнчлэн болзолт дүрслэл нь бодит байдлыг шууд хуулбарлах бус харин түүнийг өөрчлөн хувиргаж, бэлгэдэл, хийсвэрлэл, ер бусын онцгой байдлаар дамжуулан илэрхийлдэг уран сайхны арга болохыг онцолсон байна.

2.2. Судалгааны арга

Энэхүү судалгаанд эх зохиолыг задлан шинжлэх, жишээ баримтад тулгуурлан тайлбарлах аргыг ашиглаж, П.Батхуягийн “Хүрэл зүрх”, “Далавч”, “Загас мэт” өгүүллэгийг эх хэрэглэгдэхүүнээр сонгон авч, тайлан тайлбарласан байна. Эдгээр бүтээлүүдэд илэрч буй болзолт дүрслэлийн хэлбэрийг тус бүрд нь (далдын хүч, зүүд, гротеск) ангилан шинжилжээ.

2.3. Судалгааны ач холбогдол

Монголын орчин үеийн уран зохиолын өгүүллэгийн хөгжил, онцлогийг тодруулаад зогсохгүй өнөөгийн туурвил зүйн чиг хандлагыг тодорхойлоход оршиж байна.

2.4. Судалгааны үр дүн

П.Батхуяг зохиолчийн эл өгүүллэгүүдэд болзолт дүрслэл нь бодит бус орчин, ер бусын үйл явдал, хийсвэр дүрслэлээр дамжин илэрч, хүний дотоод ухамсар, хүсэл, айдас зэрэг сэтгэл зүйн нарийн төлөв байдлыг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг харуулсан байна.

3. Судалгааны өгүүллийн шүүмж

Судалгааны өгүүлэлд шүүмж бичихдээ зөвхөн алдаа дутагдлыг илрүүлэхээс гадна тухайн ажлын давуу тал, онол-арга зүйн ач холбогдлыг үнэлэх нь чухал. Иймд нэн тэргүүнд эл судалгааны ажлын давуу талуудыг тодорхойлон авч үзэх нь зүйтэй.

3.1. Давуу тал

Судалгааны өгүүлэлд дараах хэд хэдэн давуу тал ажиглагдлаа. Үүнд:

  1. Судалгааны сэдэв. Энэхүү судалгааны ажлын гол давуу тал нь сонгосон сэдэв нь орчин үеийн монгол өгүүллэгийн судлалд харьцангуй бага хөндөгдсөн асуудлыг авч үзсэнд оршино. Тухайлбал уг чиглэлээр судлаач Б.Хурцтуяагийн “Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь”[2] (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) сэдвээр 2018 онд хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл ба “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүлд 2009 онд хэвлэгдсэн “1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал”[3] зэрэг өгүүллээс өөр нарийвчлан судалж, монголын шинэ үеийн өгүүллэгүүдээр жишээлэн тайлбарласан бүтээл хараахан нийтлэгдээгүй байна.
  2. Судалгааны онолын үндэслэл. Болзолт дүрслэлийн тухай ойлголтыг зөвхөн нэг эх сурвалжаар бус олон судлаачийн үзэл баримтлалд тулгуурлан тайлбарласан нь судалгааг онолын үндэслэлтэй болгосон байна. Тухайлбал, өгүүллийн удиртгал хэсэгт “Болзолт дүрслэл”-ийн тухай судлаач Б.Хурцтуяа, С.Байгалсайхан, Д.Галбаатар, Д.Н.Ушаков, А.Михайлова нарын монгол, гадаадын олон эрдэмтний тодорхойлолтыг тусгаж өгсөн байна.
  3. Судалгааны үндсэн хэсгийн бүтэц. Судалгааны үндсэн хэсгийн бүтэц логик дэс дараалалтай байсан буюу дараах хэсгүүдээс бүрдэж байгаа юм. Үүнд:
  • Зохиолч П.Батхуягийн бичлэгийн онцлог хэв маягийг тодорхойлсон судлаачдын үнэлэлт, дүгнэлтийг эх сурвалжтай, баримттай дурдаж өгсөн. Жишээлбэл, судлаач С.Амартүвшин “Орчин үеийн утга зохиол шинжлэл” гэх бүтээлдээ “П.Батхуяг ямар нэг “-изм”-д баригдахыг хүсдэггүй ч орчин цагийн уран сайхны сэтгэлгээний чиг хандлагаас татгалзаагүй нь түүний өгүүллэгүүдээс харагддаг”[4] хэмээн тайлбарласныг оруулж өгсөн. Үүний дараа тайлан тайлбарлах эх зохиолуудаа танилцуулсан.
  • П.Батхуягийн өгүүллэгүүдээс гурван эх зохиолыг сонгон авч, болзолт дүрслэлийг хэрхэн ашигласныг тайлбарлахдаа дараах бүтцийн хүрээнд тайлбарласан. Нэгдүгээрт, тухайн өгүүллэгийн агуулгыг товчилж, ерөнхий ойлголт өгсөн. Хоёрдугаарт, далдын хүч, зүүд, гротеск зэрэг ойлголтын тодорхойлолтыг судлаачдын бүтээлээс эш татсан. Гуравдугаарт, эх зохиолын ерөнхий агуулгыг тухайн тодорхойлолттой хэрхэн нийцэж буйг өөрийн үгээр тайлбарласан. Энэ бүтцээр эх зохиолуудыг гурван дэд хэсэгт хуваан тайлбарласан нь уншиж ойлгоход хялбар, эмх цэгцтэй мэдээллийг хүргэсэн байна.
  1. Хэл найруулга, зөв бичих дүрэм. Эл судалгааны өгүүллийн нэгэн давуу тал нь бичвэрийн хэл найруулга, зөв бичих дүрмийн хувьд алдаа мадаггүй, цэгцтэй боловсруулагдсан байдалд оршино. Академик бичлэгийн үндсэн шаардлагын нэг нь хэлзүйн болон найруулгын хувьд алдаагүй байх явдал бөгөөд энэ нь судалгааны агуулгыг уншигчид саадгүй, зөв ойлгоход чухал нөлөө үзүүлдэг.

3.2. Сайжруулбал зохих тал

Эл өгүүлэл нь сэдвийн хувьд шинэлэг, онолын үндэслэлтэй, үндсэн хэсгийн бүтцийн хувьд логик дэс дараатай байсан хэдий ч дараах сайжруулбал зохих талууд ажиглагдлаа. Үүнд:

  1. Судалгааны удиртгал хэсгийн бүтэц. Нэн тэргүүнд өгүүлэх нь, эл өгүүллийн “Удиртгал хэсэг”-т зөвхөн болзолт дүрслэлийг судалсан судлаачдын тодорхойлолтуудыг тусгасан ба энэхүү сэдвийг сонгосон үндэслэл, сэдвийн судлагдсан байдал, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал гэх мэт зүйлийг тодорхой дурдаагүй байна.
  2. Онолын ойлголтыг боловсруулалт хийсэн байдал. Судалгааны хувьд онолын үндэслэл сайтай, олон судлаачийн үзэл баримтлалд тулгуурласан хэдий ч онолын хэсгийн боловсруулалт хангалтгүй байх тал ажиглагдаж байна. Тухайлбал, удиртгал хэсэгт судлаач С.Байгалсайхан, Д.Галбаатар, Д.Н.Ушаков, А.Михайлова нарын тодорхойлолтыг эш татсан боловч тайлан тайлбарлаагүй байна. Аливаа судалгаанд эх сурвалжуудын хоорондын уялдаа холбоо хийгээд ижил төстэй болон ялгаатай байдлыг харьцуулан авч үзэх нь чухал юм.
  1. Удиртгал хэсгийн логик дэс дараалал. Түүнчлэн эл өгүүллийн удиртгал хэсэгт дурдсан онолын ойлголтын логик дэс дараа алдагдсан байх боломжтой. Онолын ойлголтуудыг бүдүүвчээр үзүүлбэл дараах байдалтай байна.

Аливааг ерөнхийгөөс тодорхой руу чиглэсэн байдлаар тайлан тайлбарлах нь тухайн зүйлийг эмх цэгцтэй, логик дэс дараатай болгодог буюу уншиж, ойлгоход хялбар болгодог. Энэхүү судалгааны онолын хэсэг нь харьцангуй логик дэс дараатай, ерөнхийгөөс тодорхой руу чиглэсэн байдалтай боловч “Болзолт дүрслэл” гэсэн ойлголтыг тэргүүн хэсэгт давхардуулан оруулж өгсөн нь логик дэс дарааг алдагдуулж байна гэж үзлээ.

< >Судалгааны өгөгдлийн боловсруулалт. Өгүүллэгийг тайлбарласан зарим тайлбар нь баримт нотолгоонд тулгуурлаагүй, ерөнхийлсөн шинжтэй байна гэж үзлээ. Тухайлбал, “Энэхүү өгүүллэгт зүүд, зөн совингийн дүрслэл байгаа ч өгүүллэгийн төгсгөлд хүүгийнх нь хэлдэг загас болж хувираад гэдэг үгнээс нь харвал түүний урьд өмнө хэрэглэдэг байсан тэр нэг арга нь биеллээ олж жинхэнэ загас болж хувирсан ч байж магадгүй мэт хачин жигтэй байдлаар дүрслэгджээ”[5] гэх хэсэгт эх зохиолыг ерөнхийд нь нэгтгэн тайлбарлах бус, тухайн эх зохиолын тодорхой нэг хэсгийг эшлэн авч “Энэ хэсэг нь зүүд, зөн совингийн дүрслэл агуулсан байна. Гэсэн хэдий ч эдгээр шалтгаануудаас үүдэн энэ нь зүүдний дүрслэл бус гротескийн аргыг ашигласан гэж үзэж байна” гэх мэт нарийн тодорхой дүгнэлт гаргавал зохимжтой болов уу. Түүнчлэн гротеск болон далдын хүч гэсэн хоёр ойлголтын зааг, ялгааг илүү тодорхой болгосон тайлбар төдий л ажиглагдсангүй. Жишээлбэл, “Зохиолыг сонирхолтой болгох үүднээс бодит байдлын зүй тогтол, жам ёс, хэлбэр, байр байдлыг зориуд ер бусын болгох, хэтрүүлэх аргаар бичсэн зохиолыг гротеск гэнэ.”[6] хэмээн гротескийг тодорхойлсон байна. П.Батхуягийн “Хүрэл зүрх” өгүүллэгт хүрэл зүрхийг цоолсноор гол дүрийн баатар ер бусын байдлаар үхдэг тухай гардаг. Оюутан судлаач үүнийг “Далдын хүч”-ний дүрслэлийн аргыг ашиглан бичсэн хэмээн тайлбарласан хэдий ч “Гротеск”-ийн аргыг ч мөн ашигласан байж болох талтай байгаа юм.

 

4. Дүгнэлт

Оюутан судлаач Э.Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог” хэмээх өгүүлэл нь орчин үеийн монгол өгүүллэгийн туурвил зүйд болзолт дүрслэлийн хэрэглээг тодорхойлохыг зорьсон, судалгааны хувьд ач холбогдол бүхий байна. Тус өгүүлэлд болзолт дүрслэлийн онолын ойлголтыг дотоод, гадаадын судлаачдын бүтээлд тулгуурлан тодорхойлж, П.Батхуягийн “Хүрэл зүрх”, “Далавч”, “Загас мэт” өгүүллэгүүдийг жишээ болгон задлан шинжилсэн нь судалгааны үндсэн зорилготой нийцэж байна.

Уг судалгааны ажил нь сэдэв, бүтэц зохион байгуулалтын хувьд харьцангуй шинэлэг, оновчтой боловч онол-арга зүй талаас сайтар боловсруулах шаардлагатай гэж дүгнэж байна.

5. Санал, зөвлөмж

Энэхүү судалгааны ажлын чанарыг сайжруулахын тулд дараах санал, зөвлөмжийг дэвшүүлж байна.

< >Судалгааны удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагад нийцүүлэн, судлагдсан байдлын тойм, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал зэргийг тодорхой тусгах.Онолын хэсэгт ашигласан судлаачдын тодорхойлолтуудыг зөвхөн эш татах бус харьцуулан задлан шинжилж, тайлан тайлбарлах.Эх зохиолоос тодорхой хэсгийг эшлэн, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах.Гротеск, далдын хүч, зүүдний дүрслэл зэрэг ойлголтуудын зааг ялгаа, уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлох.Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 128-135.Хурцтуяа, Б. (2018). Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) [Докторын диссертаци, Монгол Улсын Боловсролын Их Сургууль].Хурцтуяа, Б. (2009). 1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал. “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүл, №4, 110-111. https://lavai.msue.edu.mn/ppapers/04-LAV-022.pdfАмартүвшин, С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Утга зохиолын судлал шинжлэл (Боть 32). Улаанбаатар: 271.Галбаатар, Д. (2012). Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар: 100-р тал. 

 

 

 

 

 


[1] Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 128-135.

[2] Хурцтуяа, Б. (2018). Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) [Докторын диссертаци, Монгол Улсын Боловсролын Их Сургууль].

[3] Хурцтуяа, Б. (2009). 1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал. “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүл, №4, 110-111. https://lavai.msue.edu.mn/ppapers/04-LAV-022.pdf

[4] Амартүвшин, С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Утга зохиолын судлал шинжлэл (Боть 32). Улаанбаатар: 271.

[5] Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 133.

[6] Галбаатар, Д. (2012). Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар: 100-р тал.