Өгүүллийг бичсэн: МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологийн хөтөлбөрийн III түвшний оюутан Б. Мөнхжин
Шүүмж бичсэн: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш- Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн
III түвшний оюутан Н.Бямбажаргал
Б. Мөнхжингийн “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүллийг багш М.Эрдэнэ (PhD, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор)-ээр удирдуулан бичиж, Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботийн 209-225 дугаар талд хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлд анхны сарын тэмдэг ирэх насны өөрчлөлт нь зөвхөн тоон үзүүлэлт бус охидын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэнд, бие даах чадварт нөлөөлөх өргөн цар хүрээтэй үзэгдэл болох талаар судлахыг зорьжээ. Энэхүү өгүүлэл нь:
- Хураангуй
- Түлхүүр үг
- Удиртгал
- Судлагдсан байдал
- Судалгааны арга зүй
- Үндсэн хэсэг нь:
- Охидын сарын тэмдэг анх ирэх насанд нөлөөлөх хүчин зүйлс
- Биологийн нөлөөлөл
- Нийгэм дэх охидын сарын тэмдгийн тухай ойлголтууд гэсэн дэд сэдвүүдэд хуваагджээ.
- Дүгнэлт
- Ном зүй
- Хавсралт гэсэн есөн хэсгээс бүрдсэн байна.
Агуулгын хувьд уг өгүүлэлд охидын сарын тэмдэг анх ирэх насны өөрчлөлт, үүнд нөлөөлж буй хүчин зүйлс болон үр дагаврыг тодруулан, судалжээ. Ингэхдээ 11-45 насны 112 эмэгтэйг хамруулан, асуумжийн аргаар өгөгдөл цуглуулсан бөгөөд цуглуулсан мэдээлэлд SPSS болон Phyton программын тусламжтайгаар статистик боловсруулалт хийсэн байна. Мөн антропологийн этнографийн ярилцлага хийжээ.
Б. Мөнхжингийн “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүлэлд дараах хэд хэдэн сайн тал байна.
- Судалгааны ажлын сэдэв болон зорилго нь тодорхой, сонирхолтой байна.
- Энэ төрлийн судалгааг 2000 оноос хойш төрсөн эмэгтэйчүүдийн дунд хийж байгаагүй юм. Харин энэхүү судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн тодорхой хувь нь тус оноос хойш төрсөн байгаа нь судалгааны шинэлэг тал болж байна.
- Өгүүллийн бүтэц нь эрдэм шинжилгээний өгүүлэлд байх бүтцийг бүрэн тусгасан байна.
- Судалгааны эх сурвалжууд нь монгол болон гадаадын олон эрдэмтдийн шинэ судалгаа байна.
Үүний хажуугаар өгүүлэлд дараах дутагдалтай тал байна.
Нэгдүгээрт, зөв бичгийн дүрмийн алдаа нэлээд гарсан байна. Тодруулбал, хураангуй хэсэгт буй “чадавхи, махбодийн” гэх үгсийг алдаатай бичсэн байна. Мөн үндсэн хэсэгт буй “бүлийн, судалхад, боловсрууласан, тэмдэглэдэгийг, ДНБ-ийн”, дүгнэлт хэсэгт буй “урагшласантай” гэх үгсийг алдаатай бичжээ.
Хоёрдугаарт, нэр томьёог хэрхэн бичих асуудлыг жигдлээгүй байгаа нь харагдаж байна. Тухайлбал, охидын биений юм анх ирэх насыг менархе, менархи, менарх, менархий гэж дөрвөн өөр хэлбэрээр бичсэн зүйл байна. Үүнээс гадна биеийн гэж бичих үү, биений гэж бичих үү? гэдгийг анхаарвал зүйтэй болов уу.
Гуравдугаарт, нэг санааг хэт олон удаа буюу өгүүлэлд нийт долоон удаа давтжээ. Өөрөөр хэлбэл, сарын тэмдэг анх ирэх насны хэлбэлзэл нь биологийн, байгаль орчны болон нийгэм-эдийн засгийн олон хүчин зүйлсийн нөлөөгөөр тодорхойлогддог гэсэн санааг нуршсан байна.
Дөрөвдүгээрт, зарим өгүүлбэрт учирзүйн алдаа гарсан байна. Жишээлбэл,
- Сарын тэмдэг 10-аас доош настай бол эрт, 15-аас доош настай бол хожуу гэж үзнэ. 15-аас доош гэдэгт 10-аас доош насны охид орох учраас алдаатай болж байна.
- 20-р зууны эхэн үед барууны орнуудад сарын тэмдгийн дундаж нас ойролцоогоор 16-17 жил байсан ба нийгэм- 12-13 жил байна. Сарын тэмдгийн дундаж нас гэдэг нь юу болох, энэ нь сарын тэмдэг анх ирэх насыг хэлэв үү? гэдэг нь тодорхойгүй байна.
- Нэмж дурдахад Казахстаны хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс хожуу насанд хүрдэг бөгөөд үүнд хүрээлэн буй орчны хүчин зүйлс ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. (Annals of Human Biology, 2008) Насанд хүрэх гэдэг ойлголт нь энэ нөхцөлд сарын тэмдэг ирэх үеийг хэлж байна уу?
- ...түүхийн тоо баримтаас харахад сарын тэмдгийн нас нь цаг хугацааны явцад хэлбэлзэж, аж үйлдвэрийн хувьсгал зэрэг амьдралын ядуу нөхцөлд ихээхэн удаашрал ажиглагдаж, улмаар 20-р зуунд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор буурсан байна. (Journal of Pediatric and Adolescent Gynecology, 2016). Сарын тэмдгийн нас удаашрах гэдэг нь уг хэлж байна гэдэг нь тодорхой бус санагдлаа. Мөн буурах гэдэг нь сарын тэмдэг анх ирэх нас эртшиж байгааг хэлсэн юм болов уу.
- Дүгнэлт хэсэгт: Үүнд хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хоол тэжээлийн бүтэц, нийгэм- эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байж болно. Өгүүллийн “Хураангуй” хэсэгт дээрх таамаглалыг баталсан утгатай баймж үгээр илэрхийлсэн боловч, судалгааны дүгнэлт хэсэгт таамаглал дэвшүүлсэн нь бүтцийн алдаа болжээ.
- Дүгнэлт: 30-аад жилийн өмнө сарын тэмдэг анх ирэх үед хувь хүнд өөр үе шатад очиж буй мэт мэдрэмж илүү төрдөг байсан бол өнөө үед сарын тэмдэг ирэх нас урагшилсантай холбоотойгоор энэхүү мэдрэмж нь бага болж байна. Магадгүй энэ нь сарын тэмдэш ирэх нас урагшласантай холбоотой ч байж болно. Судалгааны дүгнэлт хэсэгт таамаглал дэвшүүлсэн байна.
Ийн дүгнэхэд, тус өгүүлэл нь судалгаанд боловсруулаагүй эшлэлүүд олон байхаас гадна дэвшүүлсэн зорилгодоо хүрээгүй, эхлэл хэсэгт баталсан зүйлээ үндсэн болон дүгнэлт хэсэгт таамаглал хэлбэрээр бичсэн нь судалгааны асуулгыг боловсруулан нэгтгэх, асуулгууд нь судалгааны ямар таамаглалыг няцааж, ямар таамаглалыг хэрхэн баталж буй нь тодорхой бус байна. Мөн гадны эх сурвалжийг ашигласан нь сайшаалтай хэрэг боловч орчуулах үед нэлээд алдаа гарчээ. Иймээс тус өгүүллийг дахин нягталж, засан сайжруулах шаардлагатай байна.
НОМ ЗҮЙ
Эх хэрэглэгдэхүүн
1. Мөнхжин, Б. (2025). Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр). Эрдмийн хэлхээ XIV (2025): 209-225
