ШУА-ИЙН ХЗХ-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О. ШИНЭБАЯР   “ХЭЛНИЙ НЭГЖҮҮДИЙН УТГЫН СУДАЛГАА” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн II хагас жилийн дөрөв дэх лекц-ярилцлагын зочноор Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О. Шинэбаяр  уригдаж, “ХЭЛНИЙ НЭГЖҮҮДИЙН УТГЫН СУДАЛГАА” сэдвээр лекц уншлаа.

Лекцийн агуулга:

О. Шинэбаяр доктор лекцээ “Утга судлал хэл шинжлэлийн бие даасан салбар  болох нь” гэсэн сэдвээр эхэлж, түүхэн хөгжлийн харьцангуй хожуу үед XIX зууны сүүлчээр утга судлал бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн түүхтэй. Францын эрдэмтэн Мишель Бреаль 1897 онд “Утгын тухай шинжлэх ухаан” /Essai de semantique/ бүтээлээ Парист хэвлүүлснээр “утга судлал” гэх үг  шинжлэх ухааны хүрээнд нэр томьёоны үүргээр хэрэглэгдэх болсон, өөрөөр хэлбэл  шинжлэх ухааны эргэлтэд анх орсон гэж үздэг. Оросын болон германы эрдэмтдийн бүтээлд  XIX зууны сүүл XX зууны эхээр энэ нэр томьёотой ижил утгатай “семасиологи” гэх нэр томьёо хэрэглэгдэж эхэлсэн байна. Энэ хоёр нэр томьёо хоёул грек хэлний Semantikos гэх үгээс гаралтай бөгөөд “тэмдэглэх, заах” гэсэн утгатай. Түүх сөхвөл, эртний Хятадад ханзны тайлбар толь бичиг зохиогдож байв. Европт эртний болон дундаж зууны үед бичгийн мэргэд хөшөө дурсгал дээр утга бүрхэг үгийн тайлбар бичдэг байжээ. Түүнээс гадна эртний хүний үгийн ид шидэд итгэх сүсэг бишрэлээс улбаатай үгийн утгын эрэл, үг, түүний  тэмдэглэж байгаа юмны учир холбогдлыг тайлах чин хүсэл ч утга судлалын хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж байжээ. Явцуу утгаараа хэлний утгат нэгжийн агуулгын тал, өөрөөр хэлбэл, утга юм. Хэлний тогтолцооны хамгийн бага утгат нэгж нь бүтээвэр учраас бүтээврээс дээших түвшний нэгжүүд утга судлалын судлах зүйл болох нь маргаангүй. Ингэснээр үг зүй, үгийн сангийн судлал, өгүүлбэр зүй гэсэн хэл шинжлэлийн уламжлалт салбартай утга судлал нягт уялдаа холбоотой байна хэмээгээд монгол хэл шинжлэлд утга судлалын онол, судлагдахууны талаар Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл, А.Лувсандэндэв, Л.Болд, Баатар, Бертагаев, Ц.Б. Будаев, Н.Б.Дугаров, Г.Д.Санжеев, Б.Х.Тодаева, Ж.Лакофф, Ч.Филмор, М.Жонсон, Л.Лангакер, Р.М.Фрумкина, Ч. Соёлмаа нарын судалгаа гарсан бөгөөд судлаач Ж.Төмөрцэрэн, М.Базаррагчаа, Д.Бадамдорж, Ж.Баянсан, Ж.Бат-Ирээдүй, Р.Батаахүү, Ц.Эрдэнэбат, А.Пүрэвжанцан, Ш.Баттөгс, Б.Идэрбаяр нар тусгайлсан нэг сэдэвт бүтээл хэвлүүлснийг дурдсан.

Тэр бээр цааш нь

  • Хэлний нэгж, түүний бүтцийн тухай
  • Текстийг хэлний нэгж гэж үзэх асуудлын тухай
  • Хэлний нэгжийн орчуулга ба утгын тухай
  • Хэлний систем ба бүтцийн тухай ярилаа.

Мөн түүнчлэн “салаа олон утга үүсэх зүй тогтол, түүний тогтолцоо”-ны талаар ярихдаа хэлний хэмнэлт, үндсэн болон шилжсэн утгын харьцаа, хувиргал, найруулгын алдаа, яриа, бичгийн хэлзүйн хэлбэр, баймж, өнгө аяс зэргээс шалтгаалан үүсэх талтай байдаг хэмээгээд

  • Авиалбарын утга ялгаруулах шинж /омоним, омофон, омограф, омофон/
  • Омоним: Хэлбэр ижил утга өөр үг (ой, гар, бар, нэхэх)
  • Омофон: Дуудлага ижил, бичлэг, утга өөр үг (өвлө, өвөл, халах, халх, гэрэл, гэрлэ)
  • Омограф: Бичлэг ижил, дуудлага, утга өөр үг (ангийн тэмцэл, ангийн буу)
  • Омоформ: Хэлзүйн ижил хэлбэр үүсэх, утга өөр үг
  • Бүтээврийн салаа, олон утга /омоморфемы/
  • Сул үг, холбоос үгийн салаа олон утга /омонимия, коннотация, полисемия/
  • Үгийн салаа, олон утга /омоним, коннотация, полисеми/
  • Нэр томьёо, нийлэмж үгийн салаа, олон утга /дублет, полисемия, многозначиние/
  • Хос нэршил, нэр томьёо /Дублет/
  • Холбоо үгийн салаа, олон утга /парадокс, коннотация, полисемия/
  • Хэлцийн олон утга /много значность  фразеология/
  • Өгүүлбэрийн салаа утга /амбигут, коннотация, парадокс /
  • Товчилсон үгийн салаа утга /бэкроним/ гэх мэт.
  • Эхийн салаа утга /далд утга, софизм/ тус бүрийг жишээгээр тайлбарлаж ярилаа.

Үүнээс гадна “хэлний мэдээллийн бүтэц”-ийн тухай ярихдаа хэл зүйн холбоо харьцаа, өнгөн ба гүн бүтэц, утгын талаас судалж бичсэн Ш.Лувсанвандан, Т.А.Бертагаев, П.Бямбасан, Б.Рагчаа, Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа нарын эрдэмтдийн бүтээлийн талаар,

  • Коннотаци утга, метафор
  • Бүтцийн ижил утга
  • Загварчлал болон,
  • Тодотгол тодотгуулагчийн харьцаа
  • Бүхэл хэсэг, тоо, чанарын харьцаа
  • Ерийн, оноосон нэрийн харьцааны талаар дэлгэрэнгүй ярилаа.

Мөн гадаад үгийн товчлол, монгол үгийн товчлол хольж бичих тухай, парадокс бүхий ижил утгын тухай, ялангуяа зар сурталчилгаа болон ярианы хэлэнд хэрхэн илэрч байгаа талаар ярьж, ижил утгыг гол ба туслах үгийн болон зэрэгцсэн гишүүдийн харьцаагаар нь авч үзэхийг, софизм (грек хэлнээс орчуулсан софизм гэдэг нь шууд утгаараа: заль мэх, алдаатай үндэслэл, буруу аргумент.)-ыг анхаарах чухалтайг дурдлаа.

О. Шинэбаяр доктор тус лекцийг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд:

  • Хэлний нэгжүүдийн хоёрдмол утгыг сэтгэц хэл шинжлэл, үүсгүүр хэл шинжлэл, компьютер хэл шинжлэлийн талаас утга, үүрэгтэй холбон судлах нь онол, хэрэглээний чухал ач холбогдолтой. Мөн туршилт авиа зүйн аргаар ч үүнийг шинжлэн загварчилж сургуулийн хэлзүй, судалгааны эргэлтэд оруулах нь албан хэрэг, хуулийн төсөл боловсруулах явцад эргэлзээт буюу тодорхойгүй утга, мэдээлэл гарахаас сэргийлэх сайн талтай.
  • Хэлний бүх нэгжид олон утгын тогтолцоо бий. Олон утга гэж ерөнхийд нэрлэж байгаагийн учир салаа, олон, хоёрдмол, ижил, нэмэлт, хамсал, утгын хүрээг багтааж байгаад оршиж байна.
  • Өгүүлбэрийн гишүүдийн байрлалын инвариант загвар, түүний хэлэхүйд илрэх, олон хувилбарыг гаргаж зөв оновчтой тодорхойлох дорвитой судалгаа үгүйлэгдэж байна.
  • Ийм үзэгдлийн шинжлэхдээ сан бүрдүүлж агуулга, хэлбэр, тоо болон чанарын  судалгаа хийх нь үр дүнтэй. Судалгааны үр дүн болсон загварчлал, тогтолцоо, хэв шинжийг магадлан шинжлэхүй, хууль шүүх,  албан хэргийн найруулга, сургалтад хэрэглэж болох юм.

Хэлний нэгжүүдийн утгыг талаар цэгцтэй мэдээлэл өгсөн доктор О. Шинэбаяр болон хоёр цаг үргэлжилсэн тус лекц-ярилцлагад сууж, сонирхсон асуултаа асуусан оюутан судлаачдад талархлаа илэрхийлж,  эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

Мэдээ бичсэн: Т. Батбямба

2026. 03. 26    18:00 цаг