Оюутан судлаач М.Адъяасүрэнгийн бичсэн “Дорно дахины ард түмний ертөнцийн үүслийн домог зүйн өгүүлэмжийг харьцуулах нь” өгүүлэлд бичсэн Ө. Хулангийн шүүмж (9)

Өгүүлэл бичсэн: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 

III түвшний оюутан М.Адъяасүрэн

Шүүмж бичсэн: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн 

Утга зохиол судлал хөтөлбөрийн III түвшний оюутан Ө. Хулан

МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М. Адъяасүрэнгийн “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний бичгийн XIV ботид 2025 онд “Дорно дахины ард түмний ертөнцийн үүслийн домог зүйн өгүүлэмжийг харьцуулах нь” сэдвээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд тус шүүмжийг бичив.

Энэхүү судалгаагаараа Ази тивд орших Монгол, Энэтхэг, Хятад, Япон зэрэг улсуудын соёл, урлаг, утга зохиол, байгаль, нийгмийн үзэгдэл нь түүхэн хөгжлийнхөө явцад харилцан хамааралтай байдаг гэж үзээд тэд эрт үеэс дэлхий ертөнцийг хэрхэн үзэж, төсөөлж, домоглож байсныг илтгэх үлгэр домог тэр дундаа ертөнц, нар, сар, одон эрхэс, хүний үүслийн домгийн өгүүлэмж ижил байгааг анзааран тэдгээр улс үндэстэн бүрээс хэд хэдэн домгийн хувилбарыг нэгтгэн цуглуулж, өгүүлэмж, дүр дүрслэлийг харьцуулан судалж, ертөнцийг үзэх үзэл, төсөөлөл, сэтгэлгээний онцлогийг тодруулахыг зорьсон байна.

Тийнхүү өгүүллийнхээ удиртгал хэсэгт аливаа домог зүйд түгээмэл байдаг үзэл, төсөөлөл, дүр, дүрслэл, өгүүлэмжтэй улс үндэстэн, ард түмний домог зүй, тэр дундаа ертөнц, нар, сар, одон эрхэс, хүний үүслийн домог, тэдгээрийн ижил төсөө өгүүлэмжийг харьцуулан үзэж, тодруулж болох талаар дурдсан байх агаад тус өгүүллийнхээ зорилгыг дэвшүүлсэн байна. Түүнчлэн судлагдсан байдлыг дурдан өөрийн чиглэлийн судалгаа төдийлөн судалгааны эргэлтэд бүрэн гүйцэт ороогүй болохыг мөн монгол домог, тэр дундаа ертөнцийн үүсэл, угсаа гарвалийн домгийн өгүүлэмжийг өрнө, дорнын улс орнуудтай харьцуулсан судалгаа цөөн байна хэмээн тодотгосон ажээ.

Харин үндсэн хэсэгт дөрвөн улсын есөн өөр өгүүлэмж бүхий домгуудыг нэгтгэн цуглуулж, тэдгээрийн домог зүйн загвар, санаа сэдэл, дэс дараалал, дүр, дүрслэлийн давтамж зэргийг задлан шинжилж, харьцуулснаа тайлан тайлбарлах судалгааны гол чухал зүйлээ тусгажээ. Үндсэн хэсэг бүтцийн хувьд дараах байдалтай байх бөгөөд ийнхүү дэс дараалалтай, дэд сэдвүүдэд хувааж хийсэн нь эмх цэгцтэй, ойлгомжтой болжээ.

Нэг. Монголчуудын ертөнцийн үүслийн домгийн өгүүлэмжийн ангилал

  • Төлөв төрх, дүрслэл
  • Сэдэл санаа
  • Загвар
  • Дүрийн ангилал

Хоёр. Энэтхэгийн ертөнцийн үүслийн домгийн өгүүлэмжийн ангилал

  • Төлөв төрх, дүрслэл
  • Сэдэл санаа
  • Загвар
  • Дүрийн ангилал

Гурав. Хятадын ертөнцийн үүслийн домгийн өгүүлэмжийн ангилал

  • Домгийн хувилбаруудын ангилал
  • Төлөв төрх, дүрслэл
  • Сэдэл санаа
  • Загвар
  • Дүрийн ангилал

Дөрөв. Японы ертөнцийн үүслийн домгийн өгүүлэмжийн ангилал

  • Төлөв төрх, дүрслэл
  • Загвар
  • Дүрийн ангилал

Тав. Домгийн өгүүлэмжийн харьцуулал

Зургаа. Домгийн дүрийн ангилал

Дүгнэлт  

Судлагдахууныхаа тухай ойлголтыг товч бөгөөд тодорхойгоор дараах байдлаар тайлбарлан өгүүлсэн нь авууштай. Жишээлбэл, домог зүйн загварын тухайд эртний дорно дахины улсууд болон монголчуудын дунд ертөнц, газар дэлхий, хүний үүслийн домог голдуу тохиолддог бөгөөд “бүтээл туурвилын”, “хувьсал хөгжлийн” гэсэн хоёр үндсэн загвартай. “Бүтээл туурвилын” домог зүйн загвар нь дэлхий ертөнцийг ямар нэгэн ер бусын төрөлхтөн буюу бүтээгч тэнгэр, туурвигч баатар, аугаа ид шидтэн бүтээсэн гэдэг. Харин “хувьсал хөгжлийн” загвар нь дэлхий ертөнц анхны тодорхойгүй төлөв байдал буюу эмхгүй юм, түнэр харанхуй, нэлий далай зэргээс аажимдаа хэлбэржих төлөвт шилжсэн гэж үзүүлдэг бөгөөд домгийн өгүүлэмжүүдээ энэ хоёр загварт ангилан хуваана гэх мэт дөрвөн улсын есөн өөр өгүүлэмж бүхий домгуудыг ямар байдлаар, аль үүднээс судлах тухайгаа онолын хувьд нарийн, тодорхойлолтын хувьд оновчтой, ойлгомжтой өгүүлжээ. Гагцхүү дээр дурдсан домог зүйн загварыг тайлбарлаад зогсохгүй домгийн өгүүлэмжийн дүр, дүрслэлийн тухайд нэмэн дурдсан байна.

Үндсэн хэсгийн нэгдүгээр хэсэгт монголчуудын ертөнцийн үүслийн домгийн өгүүлэмжийн ангиллыг өгүүлэхдээ өөрийн үндэстний домгийн өгүүлэмжийн тухайд товч дурдсан байх бөгөөд тэрхүү өгүүлэмжээ бусад улсын домгийн нөлөө хүртсэний жишээ болон төсөө өгүүлэмж хэмээн тайлбарлахдаа хэт товч бичсэн байгаа тул тус төсөө өгүүлэмжтэй домгоо яг ямар өгүүлэмжээрээ адилхан байгаа тухайд дэлгэрүүлэн бичих хэрэгтэй.

Мөн хэд хэдэн анхаарах шаардлагатай зүйл ажиглагдаж байна. Үүнд:

Нэгдүгээрт, зөв бичгийн дүрмийн алдааг засварлах. Жишээлбэл, ...үлгэр домог тэр дундаа ертөнц, нар, сар, одон эрхис, хүний үүслийн домгийн өгүүлэмж... хэмээн эрхис гэх үгийг өгүүлэлдээ дөрвөн удаа давтсан байх бөгөөд уг үгийг эрхис гэж бичих үү, эрхэс гэж бичих үү гэдгийг тодруулах. Мөн “эмхэтгэлийн, бурхны, хумхын, эмхэтгэн, мөхсөдсөнөөр” гэх үгсийг “эмхтгэлийн, бурханы, хумхийн, эмхтгэн, мөхөсдсөнөөр” хэмээн алдаатай бичсэн байна. 

Хоёрдугаарт, үл нягталснаас үүдсэн үсэг гээсэн, сольж бичсэн алдаа мэр сэр давтагдан ажиглагдаж байна. Энэхүү алдааг дурдвал, ...Монгол, япон помог зүйн харьцаа..., ...газар дэлхий болон биежин тогтож буй тухай эртий энэтхэг..., ...Энэтхэгийн ертөнцийн үүслийн домгийн өгүүлмжийн ангилал..., ...бусад улс орны домгийг өгүүлэмжээс ялгаатай..., ...Паньгу бөгөөд түүнээс газар дэлхийг бүрэлдэн тогтсон байна..., дэлхий дахинй домог зүйн өгүүлэмжийн нэгэн адил... зэрэг байна.

Гуравдугаарт, нэг өгүүлбэрт зарим үгсийг учир утгагүйгээр алдаа үүсгэн давхардуулан бичсэн байх бөгөөд энэ нь өгүүлбэрийн утгыг алдагдуулж ойлгомжгүй болоход нөлөөлж байна. Жишээ нь, “Тэргүүн туурвигч буюу Үг, санааны эзэн: Бурхан, Бурхан, Шагжамуни, Очирмани, Яст мэлхий” хэмээн тэргүүн туурвигчдыг дурдахдаа бурхан гэх үгийг хоёр удаа давтсан байх юм. Үүний нэгийг нь хасвал зүйтэй. Мөн “тэрээр өөрөө өргөн салгаж байгаа бөгөөд өргөгч баатар болж байгаа бөгөөд салгасныхаа дараа өөрөө газар тэнгэртээ уусчихаж байна” хэмээн “бөгөөд” холбоосыг давтан хэрэглэсэн нь өгүүлбэрийн утга алдагдахад хүргэж байна. Басхүү өгүүлбэрийн утгын хувьд учир зүйн алдаатай гэмээр засварлавал зохих өгүүлбэр таарч байна. Энэ нь дараах өгүүлбэр юм. “Өөр нэгэн хувилбарт нь тэргүүн туурвигч Очирмани, түүний туслах дэд туурвигч Цагаан-Шунгуд нарын домог бөгөөд энэ нь эхлээд эв эетэйгээр хамтран бүтээн туурвиж байгаад хожим нь нэг нэгнийгээ захирах гэснээс болон зөрчил үүсэн, өрсөлдөгч баатрууд болж байгаа өгүүлэмжтэй”.

Дөрөвдүгээрт, судалгааны эх хэрэглэгдэхүүнээс эшлэхдээ тухайн эшилсэн зүйлийн ард эшлэлийг тогтмол хийх. Учир нь зарим нэг онолын тайлбарууд эшлэлтэй байх атал зарим нь эшлэлгүй хашилт дотор налуу хэвээр дурдагдаад өнгөрсөн байх ажээ. Мөн хэдэн зүйлийн эшлэлийг хийхдээ ялгаатай байдлаар эшилсэн байх юм. Эдгээрийг нэгдсэн нэг болгон жигдрүүлбэл зохистой. Жишээлбэл, (Хэрлэн, Л. 2020, 10), (Дулам, С. Монгол аман зохиолын онол II, 2022, 42) гэсэн ялгаатай байдал ажиглагдаж байна. Түүнчлэн эшлэлд багтсан хашилт доторх өгүүлбэрийн төгсгөлд байх цэгийг хашилт дотор тавих уу, хашилтын гадна тавих уу эс бөгөөс өгүүлбэр төгссөн цагт тавих уу гэдгээ авч үзэн нэгэн тийш шийдвэл зөв болов уу. Жишээлбэл нэгэн зүйлийг эшлэхдээ “...Гурав дахь түмэн жил дээр гарсан өндгөөс янз бүрийн амьтан үүсч, сүүлд хүн бий болжээ(.)” гэж гардаг хэмээн хийсэн бол өөр нэгэн зүйлийг эшлэхдээ “...хөл болон биеийн үс нь газарт үлдэн ой мод болж, бие дээрх бөөс хуурснууд нь амьтан болж, биеийнх нь бүхий л атираа нь уул болж, тэнгэр газрыг зааглан оршиж дэлхий үүссэн” гэдэг(.) гээд хашилт дотор бус өгүүлбэр төгсөхөд цэгийг ашигласан байна. Эшлэл, зүүлтийн тухайд дээрх эргэлзээтэй, цэгцэлбэл зохих алдаанууд гарч байна.

Ийнхүү эцэст нь дүгнэж хэлэхэд судлаач нь уг судалгааныхаа хүрээнд улс үндэстнүүдийн домгийн ялгаатай өгүүлэмжийг харьцуулан судлах явцдаа тайлан тайлбарласан байгаа нь оновчтой. Мөн өгүүллийн төгсгөлд задлан шинжилсэн зүйлсээ нэгтгэн харьцуулж дүгнэсэн нь зөв бөгөөд домгийн өгүүлэмжийн харьцуулал, дүрийн ангилал дээрээ нэмээд домгийн загварын нэгтгэлийг хийж өгвөл болууштай. Түүнчлэн судалгаандаа дэвшүүлсэн зорилго нь үр дүн буюу дүгнэлттэйгээ нийцсэн байна. Цаашид бичвэрийн найруулга, зөв бичгийн дүрэм болон судалгаанд зайлшгүй байх эшлэл, зүүлт дээрээ анхаарч нягтлан хянаж ажиллахыг зөвлөж байна.

Ном зүй

Дулам, С. (2018). Монгол аман зохиол, харьцуулсан аман зохиолын судалгаа. Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган II боть. Улаанбаатар.

Дулам, С. (2020). Монгол домог зүйн дүр. Улаанбаатар.

Дулам, С., Нандинбилиг, Г. (2022). Монгол аман зохиолын онол II. Улаанбаатар.

Хөвсгөл, С. (2003). Дорно дахины уран зохиол /түүхэн найрууллууд/. Улаанбаатар.

Цэрэнсодном, Д. (1982). Монгол ардын домог үлгэр. Улаанбаатар.