Өгүүлэл бичсэн: МУБИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын III курсийн оюутан С. Цэлмүүн
Шүүмж бичсэн: МУИС-ийн ШУС-ийн НУС-ын II курсийн оюутан Ш. Ундрах-Эрдэнэ
Өгүүллийн гол санаа: Судалгаанд торгууд аялгууны [a], [a:], [æ], [æ:] эгшиг авиаг авч, тэдгээрийн формантын давтамж (F1, F2)-ийг хэмжиж хэлний байрлал, авианы ялгааг тогтоохыг зорьжээ. Судлаачид торгууд нутгийн 4 авиалагчаас авсан үгийн бичлэгийг Praat программ ашиглан задлан шинжилж, эдгээр эгшиг авианы авиа зүйн шинжийг тодорхойлсон байна.
Давуу тал
Торгууд аман аялгууны эгшиг авиаг туршилт авиа зүйн аргаар судлахыг зорьсон нь онолын болон хэрэглээний хувьд ач холбогдолтой сэдэв юм. Монгол хэлний нутгийн аялгуу, ялангуяа ойрад аялгууны авиазүйн онцлогийг лабораторийн хэмжилтийн аргаар судлах ажил харьцангуй цөөн байдаг тул уг судалгаа нь энэ чиглэлийн судалгааг баяжуулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн судалгаанд F1, F2 формантын хэмжилт ашиглан эгшиг авианы ялгааг тодорхойлох оролдлого хийсэн нь орчин үеийн хэл шинжлэлийн арга зүйг ашигласан давуу талтай. Торгууд аман аялгууны [a], [a:], [æ], [æ:] эгшиг авианы формантын утгыг хэмжиж, авиа зүйн шинжийг тодорхойлох зорилт тавьжээ. Судалгаанд Praat программ, Cool Edit Pro, 250 үгийн корпус, 4 авиалагч ашигласан нь судалгааны арга зүйн хувьд тодорхой түвшний системтэй маш гоё зохион байгуулалттай байна.
Сул тал
- Авиалагчдын тоо хэт бага (4 хүн) тул судалгааны үр дүнг нийт торгууд аялгуунд төлөөлүүлэн дүгнэхэд хангалтгүй.
- Судалгаанд оролцогчдын хэлний орчин, боловсрол, хэлний хэрэглээ зэрэг хүчин зүйлсийг тодорхой тайлбарлаагүй.
- Корпусын 250 үг сонгосон шалгуур тодорхой бус байгаа учир илүү нарийвчлан тайлбарлах шаардлагатай.
- Олон улсын авиа зүйн судалгаатай гүнзгий харьцуулалт хийгдээгүй. Судалгааны онолын хэсгийг илүү баяжуулж, орчин үеийн хэл шинжлэлийн судалгаатай харьцуулбал өгүүллийн шинжлэх ухааны үнэ цэнэ нэмэгдэх боломжтой.
- Хүснэгтүүдэд өгөгдөл олон байгаа ч статистик боловсруулалт (жишээ нь стандарт хазайлт, дундаж, вариац) хийгдээгүй.
- Формантын ялгааг график дүрслэлээр үзүүлээгүй.
- Судалгааны үр дүнг халх аялгуутай харьцуулахдаа тайлбар нь харьцангуй ерөнхий санагдлаа. Иймээс үр дүнг илүү гүнзгий статистик болон акустик шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай.
Санал
Өгүүллийн дүгнэлт нь судалгааны үр дүнг нэгтгэн харуулсан боловч зарим талаар:
- Ерөнхий дүгнэлт хэт давамгайлсан
- Судалгааны шинэ ололт, шинэлэг тал тодорхой ялгарч харагдахгүй байгаа учир
дүгнэлтийг илүү тодорхой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томьёолох шаардлагатай. Энэ өгүүлэл нь торгууд аман аялгууны эгшиг авиаг туршилт авиа зүйн аргаар судлах оролдлого хийсэн нь хэл шинжлэлийн судалгаанд тодорхой хувь нэмэр оруулахуйц ажил болсон. Гэсэн хэдий ч судалгааны арга зүй, өгөгдлийн боловсруулалт, онолын тайлбар зэргийг илүү нарийвчлан оруулж өгвөл өгүүллийн шинжлэх ухааны чанар улам дээшлэх боломжтой гэж үзэж байна.



