Оюутан судлаач Ч. Өнөрзаяагийн

Өгүүлэл бичсэн: МУИС-ийн Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн III түвшний оюутан Ч. Өнөрзаяа

Шүүмж бичсэн: МУИС-ийн Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн IV түвшний оюутан Г. Гансувд

Монгол, манж хэлний харилцаа, ялангуяа толь зүйн уламжлалын талаар хэл шинжлэлийн судалгаанд харьцангуй нарийн сэдэвт тооцогддог. Ч. Өнөрзаяагийн энэхүү өгүүлэл нь энэ чиглэлийн судалгааг өргөжүүлэхийг зорьж, дорно дахины толь бичгийн уламжлал тэр дундаа Манж Чин улсын үеийн толь бичиг түүний монгол хэлэнд үзүүлсэн нөлөөллийг тодорхой нэгж “Хөгжмийн зүйл”-ийн хүрээнд авч үзжээ. Мөн өмнө нь төдийлөн судлагдаж байгаагүй энэхүү толийг судалгааны эргэлтэнд оруулснаараа чухал ач холбогдолтой ажил болсон байна.

Ч. Өнөрзаяа судалгаандаа “Пүрэв гүнгийн орчуулсан манж үгний толь бичиг” болон “Хорин нэгт” тайлбар толийг харьцуулан, нийт 623  үгийг сонгон авч ангилан шинжилсэн нь арга зүйн хувьд тодорхой, баримтад тулгуурласан судалгаа болохыг харуулж байна. Ялангуяа үгсийг “тайлбарлаагүй”, “утгын зөрүүтэй”, “утга ижил”, “олон салаа утгатай” хэмээн дөрвөн ангилалд хуваан судалгааны үр дүнг системтэй ойлгоход дөхөм болжээ. Судлаачийн сонгон авсан зүйлийн үгийн сан дахь 623 үгийн 61 хувь буюу 381 үгт “Хорин нэгт” тайлбар тольд тайлбарлагдаагүй буюу байхгүй гэсэн тоон үзүүлэлт гаргасан нь уг хоёр толь бичгийн хоорондох ялгааг тодорхой илтгэх чухал баримт болсон байна. Мөн өгүүлэлийн удиртгалд “Пүрэв гүнгийн толь бичиг”-ийг “нарийн судалсан эрдэм шинжилгээний ажил төдий л байхгүй байсаар байна” (Өнөрзаяа 2025:87) хэмээсэн нь судалгааны шинэлэг тал болно. Судалгааны эх хэрэглэгдэхүүн болох “Пүрэв гүнгийн орчуулсан ‘Хааны бичсэн нэмж тогтоосон манж үгний толь бичиг’ хэмээх нэршилийг товчилж хэрэглэсэн нь өгүүллийн найруулгыг хөнгөвчилж уншихад амар болгож байсан нь авууштай тал юм.

Тус өгүүлэлд толь бичгийг зөвхөн хэлний нэгжийн сан гэж үзэхээс илүүтэйгээр тухайн үеийн соёл, сэтгэлгээний тусгал хэмээн тайлбарласан явдал юм. Зохиогчийн дэвшүүлсэн “монголчууд манж толь бичгийн үгсийг бүрэн хуулбарлан ашиглаагүй, харин өөрийн соёл, хэрэглээнд нийцүүлэн сонгон хэрэглэсэн” гэх санаа нь соёлын хүчин зүйлийг авч үзэх гэсэн санаа гэж бодож байна. Энэ нь хэл бол зөвхөн харилцааны хэрэгсэл бус, харин соёлын шүүлтүүрээр дамжин боловсруулагддаг систем болохыг харуулж байна.

Нөгөөтэйгүүр судалгааны үр дүнг бататгах үүднээс жишээ баримтыг нэмэгдүүлэх нь зүйтэй болов уу. Одоогийн жишээнүүд сонирхолтой боловч илүү олон тохиолдол авч үзвэл гаргасан дүгнэлтүүд илүү нотолгоотой болох байх. Зарим нэгэн техник болон найруулгын алдаа ажиглагдсан ч үүнээс бусдаар судалгааний ажил ерөнхийдөө сайн гүйцэтгэлтэй байна. Мөн энэхүү судалгааг зөвхөн “Хөгжмийн зүйл”-ээр хязгаарлах бус, бусад зүйл ангиудтай харгуулан өргөжүүлснээр илүү ерөнхий дүгнэлт хийх боломжтой. Ингэснээр манж, монгол толь бичгийн харилцааг илүү өргөн хүрээнд тодорхойлох боломжтой болов уу.

Ч. Өнөрзаяагийн энэхүү судалгаа нь манж, монгол толь бичгийн харилцааг зөвхөн үгийн сангийн тоон ялгаагаар бус, хэл, соёл, сэтгэлгээний онцлогийн үүднээс авч үзсэнээрээ онцгой ач холбогдолтой юм. Тэр дундаа толь бичгийг дан ганц үгийн сангийн бүртгэл бус, харин тухайн үеийн соёлын сонголт, хэлний шүүлтүүрийн илэрхийлэл хэмээн тайлбарлажээ. “Хорин нэгт” тайлбар толь нь манж толь бичгийн нөлөөг шууд хуулбарлан дагаагүй, харин монгол хэлний хэрэглээ, соёлын онцлогт нийцүүлэн сонгон боловсруулсан болохыг уг судалгаа харуулж байна. Энэ нь монголчууд гадаад нөлөөг идэвхтэй хүлээн авахын зэрэгцээ өөрийн хэл, сэтгэлгээний онцлогийг хадгалан үлдэх чадвартай байсны нэгэн илэрхийлэл юм. Ийнхүү уг судалгаа нь толь бичгийг хэл шинжлэлийн хэрэглэгдэхүүн төдийгүй соёлын баримт бичиг хэмээн ойлгох боломжийг нээж өгснөөрөө цаашдын судалгаанд чухал чиглэл заасан, үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажил болжээ.

Ном зүй

Эх хэрэглэгдэхүүн

Өнөрзаяа, Ч (2025). Эрдмийн хэлхээ XIV. Улаанбаатар: Адмон принт.

Судалгааны бүтээл

Мөнхцэцэг,  Э. (2025). “XVII зууны  үеийн манж толь бичгүүдийн үгсийн сангийн судалгаа” УБ.   Мөнхийн Үсэг ХХК.