Өгүүллийн зохиогч: МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн II түвшний оюутан Г. Энхжин
Шүүмж бичсэн: МУИС-ийн НУС-ийн ХУС-ын Утга, зохиол судлалын III түвшний оюутан Б. Золбоо
Антоон Мостаэрт Монгол судлалын төвөөс жил бүр эрхлэн гаргадаг “Эрдмийн хэлхээ” сэтгүүлийн XIV ботид оюутан Г.Энхжин “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” гэх өгүүллийг багш Р.Сарангэрэлээр удирдуулан бичсэн байна. Уг өгүүлэл нь
1. Товч агуулга
2. Түлхүүр үгс
3. Удиртгал
4. Үндсэн хэсэг
5. Дүгнэлт
6. Ном зүй гэх хэсгүүдээс бүрдэнэ.
Мөн энэхүү өгүүллийн үндсэн хэсэг нь хоёр бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүр нь дэд сэдэвтэй байна. Тухайлбал, “Хэрэглээний явц дахь авианы хувьсал” хэмээх нэгдүгээр бүлэг нь хураах үзэгдэл, авиа хэмээх үзэгдэл, авиа сулран гээгдэх хувьсал гэх хэсгүүдээс бүрдэнэ. Харин “Монголжсон дуудлагатай гадаад үгсийн авианы хувьсал” буюу хоёрдугаар бүлэгт ондооших, гийгүүлэгч авиа гээгдэх, уртших, эгшиг авиа нэмэгдэх зэрэг үзэгдэл болоод хэлэхүйн орчин, хэлний хэрэглэгчийн онцлогоос хамаарч хувилбарт дуудлага үүссэн гэх сэдвийг тайлбарлажээ.
Эл эрдэм шинжилгээний өгүүлэлд шүүмж бичих үндэслэл нь судлаач оюутан Г.Энхжин-ийн судалгааны ач холбогдлыг тодруулах, цаашдын ахиц дэвшилд түлхэц болох юм. Иймээс уг судалгааны ажилд шүүмж бичихдээ дараах зүйлсийг авч үзлээ. Ингэхдээ, судалгааны зорилго, зорилт ач холбогдол, үндсэн санаа, арга зүй, үр дүн буюу судалгааны ажлыг танилцуулсны үндсэнд давуу болон сул талыг дурдаж, дүгнэн санал, зөвлөмжийг тусгана.
Нэг. Судалгааны ажлын танилцуулга
1.1 Судалгааны ажлын зорилго
“Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” сэдэвт өгүүллийн үндэслэл нь орчин цагийн монгол хэлний ярианы хэлэнд авианы ямар өөрчлөлт гарч буйг судлах санааг дэвшүүлж, “...орчин цагийн ярианы хэлэн дэх авианы өөрчлөлтийг хэлний хэрэглээнд тулгуурлан судалж, ямар ямар авианы хувьсал гарч буйг авиа зүйн онолын үүднээс тайлбарлан тодорхойлохыг зорьсон” хэмээн зорилгоо тодорхойлжээ.
1.2 Судалгааны ажлын ач холбогдол
Уг судалгааны ач холбогдлын тухайд “Орчин цагийн монгол хэлний авианы хувьслыг хэрэглээнд тулгуурлан тодруулах, мөн латин кириллийн холимог хэлбэр, хэт хураасан буюу товчилсон хэлбэр зэрэг хэлний хэрэглээн дэх олон янз байдлыг хэл шинжлэлийн үүднээс тайлбарлан таниулах ач холбогдолтой” гэсэн байна.
Хоёр. Давуу болон сул тал
2.1 Давуу тал: Судалгааны ажлын бүтэц
Г. Энхжин “Орчин цагийн монгол хэлний авианы өөрчлөлт” хэмээх судалгааны ажлын бүтэц нь хэд хэдэн давуу талтай байна. Судалгааны ажлын бүтцийг үзэхүл, товч агуулга (хураангуй), түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, дэд бүлгүүд, дүгнэлт, ном зүй гэх хэсгүүдэд хуваасан нь давуу тал болох юм. Энэ нь дэвшүүлж буй санаа, зорилго, зорилтдоо хүрэх чухал үр дүнтэй гэж үзэж байна.
2.1.1 Давуу тал: Судалгааны ажлын агуулга
Судлаач оюутан Г.Энхжин-гийн эрдэм шинжилгээний өгүүллийн найруулан бичих ур чадвар нь цэгцтэй, ойлгомжтой байна. Уг өгүүлэлд эрдэм шинжилгээний найруулгыг зөрчсөн сул үг ажиглагдаагүй. Мөн уг судалгааны ажил нь орчин үеийн ярианы хэлний авианы өөрчлөлт, хувьслыг авиа зүйн онолын үүднээс судалж байгаа нь шинэлэг талтай байна. Уг авиа зүйн онол нь Д.Уртнасан болон Д.Санжаа, Ж.Надмид нарын эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн.
2.1.2 Давуу тал: Зөв бичгийн дүрэм
Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд, “Хэлний дархлааг хадгалж, хөгжлийг нь тогтвортой хадгалдаг нэг чухал хүчин зүйл бол бичгийн хэл юм” хэмээн бичсэн байдаг. Иймээс аливаа баримт бичиг, судалгааны ажил ер бичгээр тэмдэглэгдсэн бүхий л зүйл зөв бичгийн дүрмийг нягт баримталж, алдаагүй бичих нь хэлний дархлааг хадгалах төдийгүй судалгааны ажлын чанарыг тодорхойлох хүчин зүйл болно. Г.Энхжингийн судалгааны ажлын хувьд зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн нь ажиглагдаж байна. Энэ нь уг судалгааны давуу тал болох юм.
2.2 Сул тал: Судалгааны ажлын бүтэц
Уг судалгааны ажлын товч агуулгад зорилго нь давтагдсан байна. Тухайлбал, “Бид энэхүү бүтээлдээ цахим орчин дээрх нийтлэл, сэтгэгдлээс ярианы хэлээр бичсэн үгсийг түүвэрлэн задлан шинжилж, авианы өөрчлөлтийн онцлогийг тодорхойлохыг зорьсон” хэмээн товч агуулгад дурдсан санааг судалгааны ажлын зорилгод “Бид энэхүү судалгаагаар орчин цагийн ярианы хэлэн дэх авианы өөрчлөлтийг хэлний хэрэглээнд тулгуурлан судалж, ямар авианы хувьсал гарч буйг авиа зүйн онолын үүднээс тайлбарлан тодорхойлохыг зорьсон” гэснээр давтаж байна. Өгүүллийн товч агуулга буюу хураангуйд ямар онолын үүднээс орчин цагийн авианы өөрчлөлтийн онцлогийг тодорхойлсныг дурдах нь зүй болов уу гэж үзэж байна. Мөн судалгааны ажлын зорилго нь товч агуулгад бичсэн санаатай давхцаж буй нь алдаатай юм. Учир нь эрдэм шинжилгээний өгүүллийн хураангуйд (abstract) “...судалгааны асуудал, арга зүй, үр дүн, дүгнэлт зэргийг товчоор нэгтгэн өгүүлдэг”. Иймээс уг өгүүллийн товч агуулгад төдийлөн судалгааны ажлын үр дүн, дүгнэлт, асуудал, арга зүйг бичээгүй учир дутмаг байна.
Товч агуулгад, “Бид энэхүү бүтээлдээ цахим орчин дээрх нийлэл, сэтгэгдлээс ярианы...” гэж дурдсан байна. Үүнээс үзвэл, “цахим орчин дээрх” гэж бичсэн нь дутагдалтай юм. Учир нь “цахим орчинд” хэмээн бичвэл зүй болов уу гэж үзэж байна.
Хоёрдугаарт, уг судалгааны ажлын бүтцэд “Судлагдсан байдал” хэмээх хэсэг байхгүйн улмаас судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдлыг бүрэн тодруулахад дутагдалтай. Иймээс өмнөх эрдэмтэн, судлаачид хэрхэн судалж, өөрсдийн дүгнэлтийг тусгасныг он цагийн дараалалтайгаар жагсаан, хураангуйлан бичих шаардлага бүрдэж байна.
2.2.1 Сул тал: Гарчигийн тухайд
Судалгааны ажлын гарчиг нь “Тухайн судалгааны сэдвийг ойлгомжтой, товч тодорхой илэрхийлэх ёстой” юм. Эл судалгааны ажлын гарчиг нь “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” гэсэн байна. Үүнээс үзвэл, “Орчин цаг” гэж хэдий үеийг хамруулахыг судалгааны ажилд дурдаагүйн дээр ямар хэлний авианы өөрчлөлтийг тусгасан нь гарчгаас харахад тодорхойгүй. Харин судалгааны ажлын үндэслэлд, “...орчин цагийн монгол хэлний ярианы хэлэнд нэлээд өөрчлөлт ажиглагдаж байна” хэмээн бичжээ. Дээр дурдсанчлан гарчиг нь тухайн судалгааны ажлыг ойлгомжтой, товч тодорхой илэрхийлэх ёстой атал “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” хэмээн гарчиг оноосноор төдий л монгол хэлний ярианы хэлний авианы өөрчлөлтийг судалж буй нь ойлгомжгүй болоход хүргэжээ.
2.2.2 Сул тал: Эшлэл
Г. Энхжин-гийн судалгааны ажилд эшлэл, үсгийн фонтын зөрүү зэрэг алдаа ажиглагдаж байна. Судалгааны ажлын үндсэн хэсэгт хоёр бүдүүвчийг жишээлэн үзүүлсэн (Зураг 1-ийг харна уу).
Уг хоёр бүдүүвчийн тайлбарыг үзвэл, жигд бус үсгийн хэмжээтэй байна. Мөн “Д.Уртнасан нарын 2022 оны бүтээлд”, “Ж.Санжаа, Ж.Надмид нарын 2018 оны бүтээлд” хэмээн ямар бүтээлд буйг тодорхой бичээгүй.
Мөн бичвэр дотор эшлэхдээ, “Хүн утга санааг авиа, үсэг хоёроор илэрхийлдэг. Үсэг нь авиаг тэмдэглэх авиа нь ярианы хэлэнд хамаарах бөгөөд хоорондоо нэгдэж, хувьсаж байдаг хөдлөнгө шинж бүхий амнаас гарах хийн урсгал юм” гэх өгүүлбэрийг хашилтанд хийлгүй цэг тавьсны араас “footnote” хийжээ. Уг өгүүлбэрийг эшлэхдээ мөн алдсан байна. Тухайлбал, “Нямжав, Б. (2015). Монгол, Англи хэлний нийлмэл авианы үг. Acta Mongolica, 94.” хэмээн эшилсэн. Энд, “Монгол, Англи хэлний нийлмэл авианы үг” гэх бүтээлийн нэрийг “Italic” фонтоор бичиж, “Acta Mongolica” гэх сэтгүүлийн нэрийг “Italic” болгон хувиргалгүй, сэтгүүлийн хэд дэх дугаарт буйг тэмдэглэх нь зүй.
Мөн хүснэгтийг дугаарлахдаа “Хүснэгт 1 Богино эгшгийг хурааж бичсэн” хэмээн “Хүснэгт 1” гэж цэг тавилгүй үргэлжлүүлэн тайлбар бичсэн нь алдаатай байна. Үүний зөв хувилбар нь “Хүснэгт 1. Богино эгшгийг хурааж бичсэн” юм. Энэ мэт алдаа уг өгүүллийн нийт зургаан хүснэгтэд илэрсэн.
Эл судалгааны ажилд ном зүйн хоёр төрлийн форматыг зэрэгцүүлэн ашигласан нь ажиглагдаж байна. Тухайлбал, “Chicago” болон “APA” хэмээх хоорондоо ялгаа бүхүй ном зүйн стандартыг хэрэглэсэн. “Chicago” стандартаар эшлэхдээ footnote ашигладаг бол “APA” нь өгүүлбэр дотор эшилдэг юм. Уг судалгааны ажлын хувьд хослуулан ашигласан байна (Зураг 2). Иймээс ном зүйн стандартыг жигдэлж, “Chicago”, “АРА” стандартын аль нэгийг баримтлах шаардлагатай.
Зураг 2. Г.Энхжингийн “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” судалгааны ажлын эшлэл авсан байдал
2.2.3 Сул тал: Найруулга
Г.Энхжингийн эрдэм шинжилгээний ажлын найруулан бичих ур чадварт давуу тал байхын зэрэгцээ хэд хэдэн дутагдалтай тал ажиглагдаж байна. Тухайлбал, “Хэлний хурд болон хэрэглээний орчинтой холбоотой хэмнэх, хураах үзэгдэл ярианы хэлэнд элбэг байна”, “...Гэвч ямар зарчмаар хурааж, хэмнэж байгаа нь...тайлбарлах хэрэгцээ байна” гэхчлэн нэг цогцолборт “байна” гэх төгсгөх холбоосыг давтан ашигласан нь найруулгын алдаа болно. Иймээс цогцолборт буй хэд хэдэн өгүүлбэрийг төгсгөхдөө төгсгөх холбоосыг давтахгүй байх нь найруулгын алдаанаас сэрэмжлэх юм.
ДҮГНЭЛТ
Оюутан судлаач Г.Энхжингийн “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” (2025) эрдэм шинжилгээний өгүүлэлд шүүмж бичихдээ судалгааны ажлын танилцуулга болон давуу, сул талыг тус тус багтаан үзлээ. Ийн үзэхүл, удаах дүгнэлтэд хүрч байна.
Нэгдүгээрт, тус судалгааны ажлын хүрээнд оюутан судлаач Г.Энхжин орчин цагийн монгол хэлний ярианы хэлний авианы өөрчлөлтийг авч үзэхдээ авианы хувьслыг хураах, хэмнэх, сулран гээгдэх хэмээн ангилан авч үзсэн нь судалгааны ажлын шинэлэг тал юм. Гэвч судалгааны ажлын судлагдсан байдлыг бичээгүйн улмаас шинэлэг талыг тодруулахад дутагдалтай.
Хоёрдугаарт, зөв бичгийн дүрмийг нягт баримталж, эрдэм шинжилгээний найруулгад тулгуурлан бичсэн нь давуу тал болно. Иймээс Г.Энхжингийн “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” хэмээх судалгааны ажлыг дүгнэсний үндсэнд удаах санал зөвлөмжийг тусгаж байна.
САНАЛ, ЗӨВЛӨМЖ
1. Судалгааны ажлын бүтцийг ахин нягталж, сайтар боловсруулах шаардлагатай. Дээр дурдсанчлан, судалгааны ажлыг товч агуулга, ач холбогдол нь утга давхацсан буйг анхаарч, тус тусын утга агуулгыг салгаж, ахин боловсруулах хэрэгтэй гэж үзэж байна. Үүний урьд, судалгааны ажлыг өмнөх эрдэмтэн, судлаачид хэрхэн судалж ирснийг жагсаан бичсэнээр ач холбогдол, шинэлэг талыг тодруулах бүрэн боломжтой.
2. Судалгааны ажлын гарчгийг оновчтой тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь, “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” гэх гарчиг нь судалгааны ажлын утга агуулга, цар хүрээг төдийлөн тодорхойлохгүй. Эл өгүүлэл нь орчин цагийн монгол хэлний ярианы хэлэнд гарч буй авианы өөрчлөлтийг судалж буй учир “монгол хэл” гэдгийг тодотгож өгөх шаардлага үүсэж байна.
3. Эшлэл, зүүлт, ном зүйг тодорхой стандартын дагуу судалгааны ажилдаа ашиглах шаардлагатай. “APA”, “Chicago” зэрэг ном зүйн стандартыг хослуулан ашиглах, зарим өгүүлбэрийн эшлэл, зүүлтийг орхигдуулсан байна.
4. Үсгийн фонт, техник алдаа зэргийг засаж, сайжруулах шаардлагатай.
НОМ ЗҮЙ
Судалгааны бүтээл
Энхжин, Г. “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт”. Эрдмийн хэлхээ XIV (2025): 22-32.
Гадаад хэлээрх бүтээл
Day, Robert A., and Barbara Gastel. How to Write and Publish a Scientific Paper. 7th ed. Cambridge: Cambridge University Press, 2012.
Booth, Wayne C., Gregory G. Colomb, and Joseph M. Williams. The Craft of Research. 3rd ed. Chicago: University of Chicago Press, 2008.
Цахим эх сурвалж
Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь. Accessed March 7, 2026. https://toli.gov.mn/about.

