ОЮУТАН СУДЛААЧ С. ЧУЛУУНЦЭЦЭГИЙН “ХУТАГТ СУДРЫН АЙМГИЙН ЭРХЭТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨНИЙ СУДАР” ӨГҮҮЛЭЛД БИЧСЭН Г. ЛХАГВАНАРАНГИЙН ШҮҮМЖ (6)

Өгүүллийн зохиогч: МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн III курсийн оюутан С. Чулуунцэцэг

Шүүмж бичсэн: МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн I курсийн оюутан Г. Лхагванаран

 

С. Чулуунцэцэгийн “Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөний судар” өгүүлэл нь 2025  онд “Эрдмийн хэлхээ” сэтгүүлийн XIV ботид хэвлэгдсэн. Тус өгүүлэл Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн монгол хэлний тэнхим (1-301)-д буй Xutugtu sudariyin ayimagiyin erketü xa’an keme’eqdekü yeke kӧlgӧn sudar-ын судалгааны анхан шатны боловсруулалтын үргэлжлэлийг энэхүү өгүүллээрээ танилцуулахыг зорьжээ. Ингэснээр тухайн ажлыг судалгаа шинжилгээнд ашиглахад хялбар болгох, соёлын өвийг тээх, түгээх, эх бичвэрийг үнэн зөвөөр хадгалах олон ач холбогдолтой. Энэхүү өгүүлэл нь товч танилцуулга, эрдэм шинжилгээний галиг болон кирилл үсгийн хөрвүүлгийн үргэлжлэл, ном зүй гэсэн хэсгээс бүрдсэн байна.

“Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөний судар” өгүүлэлд төвөд үгсийн өмнө төвөд үгсээр давхар хадсан, хар, улаан, шунхаар ялган бичсэн Алтангэрэл судрыг галиг болон кирилл үсгийн хөрвүүлэгтэй хослуулан шинжилжээ.

Судлаачийн өгүүлэлд дараах давуу талууд байна. Үүнд:

Тус судрын нэг хуудас нь хоёр талдаа бичвэртэй бөгөөд үүнийг а, б хэмээн ялган тэмдэглэсэн нь уншиж танилцахад ойлгомжтой, зөв шийдэл болжээ. Мөн зарим үгсийг яагаад галиглалгүй, зориуд орхисон бэ, гэдгээ тайлбарлаж, дараагаар нь, дөрвөлжин хаалтаар төвөд үг байгааг тодорхой зааж мэдүүлэн зүүлт хэлбэрээр дурдаж өгсөн нь авууштай. Түүнчлэн эрдэм шинжилгээний галиг, кирилл үсгийн хөрвүүлгийг багана хэлбэрээр харалдаа бичиж оруулсан нь оновчтой санагдлаа.

Мөн өгүүллийн засаж сайжруулах талуудыг дурдвал:

Эрдэм шинжилгээний өгүүллийн зарим хэсгүүдийг орхигдуулсан бөгөөд үүнд:

Хураангуй (200-250 үг орчим), түлхүүр үг (8 хүртэлх), удиртгал (арга, зорилго, хэрэгцээ, шаардлага…), арга зүй (ямар арга, аргачлалаар боловсруулсан), судалгааны үр дүн, дүгнэлт гэх мэт зүйлийг нэмж бичвэл шаардлагад нийцнэ гэж үзэж байна. Мөн хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй үг хэллэгийг нэмэлт тайлбар хэлбэрээр оруулах саналыг дэвшүүлж байна.

Дээрхийг дүгнэн үзвэл, С. Чулуунцэцэгийн “Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөний судар” өгүүлэл нь галиг болон кирилл үсгээр хөрвүүлснээр эх бичвэрийн үнэн зөв байдлыг хадгалах, судлаачдад нарийвчлан шинжлэх боломж олгох, мөн орчин үеийн уншигчдад ойлгомжтой, хүртээмжтэй болгох давуу талтай байна.

 

Эх хэрэглэгдэхүүн

Чулуунцэцэг, С. (2025). Эрдмийн хэлхээ XIV. Улаанбаатар: Арвайбархан принт.

НОМ ЗҮЙ

Эрдэм шинжилгээ, инновацийн алба. (2025). МУБИС-ийн судалгааны ажлын бичиглэлд тавигдах шаардлага. Улаанбаатар: Бит пресс.