Оюутан судлаач Ц. Намууны “ШАВЖИЙН СУДАЛГААГ АШИГЛАН ХАДНЫ ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛИЙГ ТОДРУУЛАХ НЬ” өгүүлэлд бичсэн Э. Өсөхбаярын шүүмж /3/

“ШАВЖИЙН СУДАЛГААГ АШИГЛАН ХАДНЫ ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛИЙГ ТОДРУУЛАХ НЬ” 

эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмж 

 

Өгүүлэл бичсэн: МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхимийн

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт хөтөлбөрийн IV түвшний оюутан Ц. Намуун

Шүүмж бичсэн: МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Археологи хөтөлбөрийн IV түвшний оюутан Э. Өсөхбаяр


Тус судалгаа нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэр дэх Сарлагтайн хадны оршуулгаас илэрсэн занданшсан эрэгтэй хүний олдвор дээрх эртний шавжийн үлдэгдэл дээр тулгуурлан судалсан “Археоэнтомологи”-ийн арга зүйн дагуу гүйцэтгэсэн судалгаа байна. Судлаач урьд өмнө Монголын археологийн шинжлэх ухаанд хэрэглэгдэж байгаагүй шинэ арга зүйг ашигласан нь юуны түрүүнд магтууштай тал болжээ. Археологийн шинжлэх ухаан нь өнгөрсөн үеийн өдөр тутмын амьдрал, нийгмийн аж байдал зэргийг ойлгоход гол анхаарлаа хандуулсаар ирсэн бөгөөд тус судалгааны ач холбогдол нь оршуулгын зан үйлийг тодруулах чухал алхам болсон. Оршуулгын зан үйлийг урд хойчид зөвхөн тахил тайлгын зүйлс, дагалдуулсан эд өлгийн зүйлс зэргээр хязгаарлаж ойлгодог байсан бидний хувьд нүд нээсэн сайн судалгаа болсон ч энд дутагдалтай болон давуу талтай хэд хэдэн зүйлсийг миний бие ажигласан ба тэдгээр нь:

Судалгааны давуу талууд:

1. Дурдсанчлан, тус судалгаа нь Монголын археологийн шинжлэх ухаанд урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй шинэлэг арга зүйг нэвтрүүлсэн нь Монгол Улсын эртний судлал, археологийн шинжлэх ухааны хөгжилд шинэ үүдийг нээж, лабораторийн ажлуудыг дараагийн шатанд хүргэсэн болох нь харагдаж байна гэж миний бие үзэж байна.


2. Оршуулгын зан үйл нь тухайн үеийн нийгмийн амьдралыг илтгэх чухал ойлголт юм. Өмнө үед судлаачид ихэвчлэн хүнээ тавьсан байрлал, хандуулсан зүг, дагалдуулсан эд өлгийн зүйлс, гадаад болон дотоод зохион байгуулалт дээр тулгуурлан судалдаг байсан бол энэхүү судалгаа нь оршуулахаас өмнөх зан үйл, оршуулсан улирал зэрэг нарийн мэдээллийг авах боломжийг олгож байна.

3. Археологийн шинжлэх ухаан нь нийгмийн шинжлэх ухаан атлаа байгалийн шинжлэх ухаан салбаруудтай нягт хамтран ажилладаг. Тэр дундаа хими, физик, материал судлал, ургамал судлал, биологи, амьтан судлал, геологи, анагаах ухаан зэрэг олон салбар зэрэг багтана. Үүнд шавж судлал буюу энтомологийн салбар нэмэгдэж буй нь археологийн мэргэжилтнүүд олон салбарт хамтран ажиллах, шинэлэг судалгааны боломжийг өргөжүүлэх шинэ үүд хаалга нээж байна.

Судалгааны сул талууд:

1. Тус судалгаа нь сүүлийн үед үүссэн залуу салбар шинжлэх ухаан гэдгийг судалгаандаа дурджээ мөн тус чиглэлийн судалгаа нь газарзүйн байршлаас хамаараад өөр өөр түвшинд судлагдсан байгааг онцолсон. Үүнд Европ тивд хамгийн сайн хөгжсөн буюу 58%, ази тив хамгийн сул хөгжсөн буюу 4% гэжээ. Европ тивээс Итали улсыг онцолсон ба тус улс нь Газар дундын тэнгисийн уур амьсгалтай бөгөөд жилийн дундаж температур ойролцоогоор 13–16 °C байдаг (World Meteorological Organization, 2023). Үүнээс хараад үзвэл тус чиглэлийн судалгаа нь газарзүйн байршлын улмаас хязгаарлагдах бүрэн боломжтой ба манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай, жилийн 4 улиралтай ба тэдгээрээс хамгийн богино хугацаанд үргэлжилдэг нь зуны улирал байдаг. Монгол орны уур
амьсгал нь эх газрын эрс тэс шинжтэй тул улирлуудын үргэлжлэх хугацаа харьцангуй тод ялгаатай ба судалгаагаар улирлууд дунджаар дараах байдлаар үргэлжилдэг.
• Өвөл: 11-р сараас 3-р сар хүртэл (ойролцоогоор 5 сар, 150 орчим хоног) Өвөл: −15 °C – −30
• Хавар: 4-р сараас 5-р сар хүртэл (ойролцоогоор 2 сар, 60 орчим хоног) Хавар: −5 °C – 15 °C
• Зун: 6-р сараас 8-р сар хүртэл (ойролцоогоор 3 сар, 90 орчим хоног) Зун: 15 °C – 25 °C
• Намар: 9-р сараас 10-р сар хүртэл (ойролцоогоор 2 сар, 60 орчим хоног) 0 °C – 15 °C (Монголын Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, 2020).
Ингээд харахад тус чиглэлийн судалгаа нь манай орны цаг уур, газарзүйн байршлын онцлогуудаас хамааран хязгаарлагдаж байна. Мөн хадны оршуулгыг үйлдэх улирал нь газар гэсээгүй үед буюу өвлийн улиралд үйлдэгдэх магадлал өндөр ба хадны оршуулгын тоо хэмжээ чулуун зохион байгуулалттай булштай харьцуулахад харьцангуй цөөн. Эдгээрээс үзэхэд тус чиглэлийн судалгаа нь монголын нөхцөлд хангалтгүй байгаа нь манай орны цаг уурын онцлогтой шууд хамааралтай байна.

2. Хадны оршуулгад оршуулсан цогцос нь газар доор оршуулсан цогцсыг бодвол хөрсний хүчил, чийг, хөрсний гулгалт зэрэг нөлөөнд бага өртдөг. Хадны оршуулгыг үйлдэхдээ хадны хөмгийг ашиглан, нээлттэй хэсгийг нь чулуу зэргээр дарж битүүлдэг. Ингэснээр тухайн цогцос байгалийн ямар ч үзэгдлийн шууд нөлөөнөөс ангид орчинд хадгалагдаж улмаар хүний цогцос занданшдаг аж. Гэвч судалгаанд дурдсанаар тухайн хүний толгойн яс байхгүй мөн зүүн шууны яс болон бугалгын яс анхны байрлалаа өөрчилсөн нь тухайн хадны оршуулгад тонуул зэрэг гаднын хүчин зүйл нэвтэрсэн байж болзошгүй үр дүн харуулж байна. Хэрвээ тухайн хүний зүүн гар анхнаасаа тасарсан байж магадгүй гэж үзвэл үүн дээр биоархеологийн шинжлэх ухааны арга зүйн зохих судалгааг мөн хавсаргах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Судлаач тус дурсгалын тодорхойлолтыг тэмдэглэхдээ тухайн хүн арьсан дээлтэй, битүү тааран цамцтай байсныг дурдсан ба дараагийн хэсэгт тус хүн мөн хэвлий хэсэгтэй ил шархтай байсныг “археоэнтомологийн” арга зүйгээр тодорхойлсон. Гэвч тухайн дээл дээр ямар нэгэн гаднын нөлөө байсан үгүйг ер дурдаагүй ба хэрвээ тухайн хүний хэвлий дэх шарх нь гадны нөлөөтэй байсан бол дээл, хувцас дээр нь ямар нэгэн шинж тэмдэг үлдээх байсан. Хэрвээ тус шархыг гаднын нөлөөтэй хэмээн үзвэл тус хүнийг оршуулахынхаа өмнө хувцсыг нь сольж өмсүүлсэн байх магадлалтай. Археоэнтомологийн арга зүйгээр тухайн хүний үхлийн шалтгааныг тодруулах боломжгүй ч тус хэвлий хэсэгт байх яс (хавирга, өвчүү, сээрний нугалам)-нуудыг биоархеологийн үүднээс тодруулах зайлшгүй шаардлагатай байлаа. Хэрэв биоархеологийн шинжлэх ухааны арга зүйн үр дүнд тус хэвлийн шарх нь гаднын нөлөөнд үүссэнийг “хэрвээ” нотолсон бол үхэгсдээ хүндэтгэх оршуулгын зан үйлийг шинжлэх ухаанч байдлаар нотолж чадах байсан гэж харж байна.

3. Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар Монгол улсын нутагт нийт 70 гаруй газар 100 орчим хадны оршуулгын дурсгалыг малтан судалжээ. Эдгээрийн он цагийг тодорхойлсон байдлаас үзэхэд хамгийн эртнийх нь IV зууны сүүл үед, хожуу үеийнх нь XVII зууны эхэн үед холбогдох бөгөөд энэ нь хадны оршуулга Монгол нутагт эрт дээр үед үүсэж, түүнтэй уялдсан оршуулгын зан үйл бүрэлдэн тогтсоныг гэрчилнэ (Эрдэнэбат 2020). Ингэхдээ нийт хадны оршуулгуудын дийлэнх хувь нь Алтай, Хангайн хадархаг өндөр ууланд оршиж байгаа бөгөөд энэ талаараа мөн газарзүй, байгалийн тогтцын хувьд хязгаарлагдмал нөхцөл байдал үүсэж байна. Мөн бунхант булшны соёл манай улсын хувьд Түрэгийн үеэс буюу дундад зуунд түлхүү дэлгэрч байгаа бөгөөд тус судалгааны ач холбогдлыг түүхийн харанхуй үе буюу чулуун зэвсгээс төмөр зэвсгийн үе хүртэл судлах шаардлагатай байгаа ч судлах боломжгүй байдал үүсэж буй нь шинжлэх ухааны ач холбогдлын хувийг бууруулж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, энэхүү арга зүй нь өмнө нь төдийлөн судлагдаагүй, харьцангуй шинэ чиглэл бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим талаараа сул, дутмаг тал ажиглагдаж байна. Энэ нь манай улсын археологийн шинжлэх ухаанд уг чиглэлийн судалгаа хангалттай түвшинд хөгжөөгүй байгааг илтгэж байж болох юм. Ялангуяа археологийн дурсгалт газраас илэрч буй шавжийн үлдэгдлийг судлах археоэнтомологийн арга зүй нь оршуулгын зан үйл, орчны нөхцөл, улирлын шинж чанарыг тодорхойлох боломжийг олгодог онцгой ач холбогдолтой судалгааны чиглэл байна. Иймд археоэнтомологийн судалгаа нь археологийн шинжлэх ухаанд шинэ мэдээлэл, тайлбар гаргах өргөн боломжийг нээж өгч, дурсгалт газрын үүсэл хөгжил, орчны нөхцөлийг илүү нарийвчлалтай сэргээн тайлбарлахад чухал хувь нэмэр оруулж байна.

Цаашид уг чиглэлийн судалгааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монголын археологийн судалгаанд шинэ арга зүйг нутагшуулах, олон салбарын нэгдсэн судалгааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүмжийн үндсэн эх сурвалж:
1. Ц. Намуун. (2025). Шавжийн судалгааг ашиглан хадны оршуулгын зан үйлийг тодруулах нь. Эрдмийн хэлхээ 2025.


Ном зүй
1. Эрдэнэбат, У. (2020). Монгол булш, түүний хэв шинж, онцлог. Ред. А. Очир, Ц. Төрбат. Монголчуудын уг гарал: Археологийн судалгаа. УБ.
2. Баярхүү, Н., Цэлхагарав, Ц., Батсүх, Д., Бемманн, Ян., Төрбат, Ц. (2024). Түрэгийн түрүү үеийн Яргайтын хадны оршуулга. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Vol. 13 (1): 57-64.
3. World Meteorological Organization. (2023). State of the Global Climate 2023. Geneva: World Meteorological Organization.