Оюутан судлаач Ц. Мөнхзаяа-гийн “Монголын малчдын махны худалдаан дахь ёс суртахууны эдийн засгийн ойлголт” өгүүлэлд бичсэн шүүмж
Өгүүлэл бичсэн: МУИС-ийн Антропологийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Ц. Мөнхзаяа
Шүүмж бичсэн: МУИС-ийн Антропологийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Мөнхжин
Монголчуудын хувьд мах гэдэг ердийн нэг хүнсний бүтээгдэхүүн, эсвэл зах зээлийн бараа биш юм. Энэ нь нүүдэлчдийн ахуй, соёл, ураг төрлийн холбоо болон байгаль дэлхийтэйгээ харилцах харилцааны цөм болдог "соёлын тээгч" юм. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш "ченж" болон "махны үнэ" тойрсон маргаан нь малчдыг зөвхөн ашиг хонжоо хайгч, эсвэл зах зээлийн логикгүй оролцогчид мэтээр харах өрөөсгөл хандлагыг нийгэмд бий болгосон. Ц. Мөнхзаяагийн энэхүү өгүүлэл нь дээрх асуудлыг антропологийн "Ёс суртахууны эдийн засаг" (Moral Economy) хэмээх онолын хүрээнд авч үзэж, малчдын эдийн засгийн сонголтын цаана орших ёс зүйн далд механизмыг нээж харуулснаараа онол-арга зүйн өндөр ач холбогдолтой ажил болжээ.
Зохиогч судалгааныхаа үндэс болгож Жеймс Скоттын (1977) дэвшүүлсэн тариачдын ёс суртахууны эдийн засгийн онолыг ашигласан байна. Скоттын үзсэнээр, уламжлалт нийгмийн оролцогчид зөвхөн ашгийг дээдэлдэг "Homo Economicus" биш, харин хамт олны оршин тогтнол, аюулгүй байдал болон ёс суртахууны хэм хэмжээг нэгдүгээрт тавьдаг субъектүүд байдаг. Ц. Мөнхзаяа энэхүү онолыг Монголын малчдын мах борлуулах үйл явцад маш оновчтой буулгажээ. Малчид яагаад малаа амьдаар нь, хямд үнээр ченжид өгдөг вэ гэдэг асуултад зохиогч "нүглийг өөрөөсөө холдуулах" гэсэн сонирхолтой гаргалгааг дэвшүүлсэн байна. Судалгааны хамгийн үнэ цэнтэй хэсэг нь малчин болон малын хоорондын "ээнэгшил"-ийн тухай задлан шинжилгээ юм. Мал нь малчны хувьд зөвхөн өмч биш, харин эзнээ таньдаг, нэрээрээ дуудагддаг, сэтгэл зүйн хувьд харилцан хамааралтай "амьд оршихуй" хэмээн үзжээ.. Энэхүү санаа нь Тим Инголдын (2021) дэвшүүлсэн хүн-амьтны харилцан хамаарлын онолтой яв цав нийцэж байна. Инголдын үзсэнээр нүүдэлчид байгалийг "эзэмшигч" биш, харин түүний нэг хэсэг болж, амьтадтайгаа "итгэлцлийн харилцаа"-нд оршдог. Өгүүлэлд дурдагдсан малчин Жамаадоржийн ярилцлагаас харахад, өөрийнх нь үгийг сонсдог, ээнэгшсэн малаа өөрийн гараар нядалж "яргачин" болох нь малчин хүний хувьд ёс суртахууны том цохилт болдог байна. Иймээс тэд ашгаа золиослон байж ченж болон бойны газарт малаа өгөх замаар сэтгэл зүйн амар амгаланг худалдан авч байна.
Үүгээрээ судлаач маань ченжүүдийг зөвхөн "шулаач" бус, харин малчдын өмнөөс "амь таслах" нүгэл болон хариуцлагыг өөртөө үүрч буй нийгмийн өвөрмөц "шүүлтүүр" гэж тодорхойлжээ. Энэ нь А. Рийдийн (2014) махны үйлдвэрлэл нь нядалгааны үйлдлийг хувь хүний ёс суртахууны хариуцлагаас салгаж, "соёл иргэншсэн" хэрэглээг бий болгодог тухай үзэлтэй нэг шугамд очиж байна. Малчид өөрсдийн нүглийг бусдад шилжүүлж байгаа нь нэг талаар зах зээлийн харилцаа, нөгөө талаар бурхны шашны "үйлийн үр"-ээс зайлсхийх гэсэн далд ухамсартай холбоотойг судалгаа харуулжээ.
Гэсэн хэдий ч, судалгаанд шүүмжлэлтэй хандах зарим асуудал бий. Малчдын сонголтыг зөвхөн ёс суртахууны тал руу хэт дөвийлгөн тайлбарлах нь заримдаа бодит эдийн засгийн хүчин зүйлсийг алдагдуулж болзошгүй юм. Бямбабаатар ба Э. Трифт (2015) нарын судалгаанд дурдсанчлан, малчид ченжид хандаж байгаа нь зах зээлийн мэдээлэл дутмаг, тээвэрлэлтийн зардал өндөр, мал эмнэлгийн бичиг баримтын хүнд суртал зэрэг "өөр сонголтгүй" байдлаас үүдэлтэй байх нь элбэг. Гэхдээ Ц. Мөнхзаяа эдгээр практик шалтгаануудыг үгүйсгээгүй бөгөөд тэдгээрийг ёс суртахууны шийдвэр гаргалтыг "дэмжиж буй" гадна талын бүрхүүл гэж үзсэн нь антропологийн өвөрмөц өнцөг юм. Мөн өгүүлэлд ченжүүдийн өөрсдийнх нь ёс суртахууны талаарх мэдээлэл дулимаг байгаа нь ажиглагдлаа. Хэрэв ченжүүд малчдын өмнөөс "нүгэл" үүрч байгаа бол тэд өөрсдөө энэхүү үүргээ хэрхэн ухамсарладаг вэ?, гэх асуулт гарч ирж байна. Э. Фоксын (2021) "зах зээлийн эриний мах цусны харилцаа"-ны тухай судалгаанд дурдсанчлан, махны худалдаа эрхлэгчид өөрсдийн үйлдлийг зөвтгөх өөр нэгэн ёс зүйн системийг (жишээ нь, хотынхныг хооллох "буян") боловсруулсан байх магадлалтай. Үүнийг нэмж судалбал ажил илүү бүрэн гүйцэд болох болов уу.
Ц. Мөнхзаяагийн энэхүү бүтээл нь Монголын мал аж ахуйн салбар дахь махны худалдааг зөвхөн тоо баримт, үнийн хэлбэлзлээр бус, хүний мэдрэмж, итгэл үнэмшил, соёлын үнэт зүйл талаас нь нээж харуулснаараа онцгой ач холбогдолтой. Малчин хүн зах зээлийн хатуу хуулийн өмнө өөрийн хүнлэг чанар, малтайгаа тогтоосон сэтгэл зүйн холбоогоо хадгалж үлдэхийн тулд эдийн засгийн алдагдал хүлээхэд бэлэн байгаа нь нүүдэлчдийн соёл иргэншлийн нэгэн гайхамшигт чанар хэвээр байгааг энэхүү судалгаа бидэнд сануулж байна.
Ашигласан материал:
- Бум-Очир, Д. (2020). Монголчуудын соёл, антропологи. Улаанбаатар.
- Мөнхзаяа, Ц. (2025). Монголын малчдын махны худалдаа дахь ёс суртахууны эдийн засгийн ойлголт., Эрдмийн хэлхээ сэтгүүл боть XIV, Антоон Мостаэрт төв.
- Fox, E. (2021). Flesh and blood: Rotting and relating in the ‘Age of the Market’. Inner Asia, 23(2), 285–303.
- Ichinkhorloo, B., & Thrift, E. D. (2015). Who eats quality meat? Health, 1, 1–15.
- Ingold, T. (2021). The perception of the environment: Essays on livelihood, dwelling and skill. Routledge.
- Reed, A. Y. (2014). From sacrifice to the slaughterhouse: Ancient and modern approaches to meat, animals, and civilization. Method & Theory in the Study of Religion, 26(2), 111–158.
- Scott, J. C. (1977). The moral economy of the peasant: Rebellion and subsistence in Southeast Asia. Yale University Press.
