СОЁЛ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР, ЗУРААЧ Д.ТАНГАД “МОНГОЛ СОЁЛЫН СУДАЛГААНЫ УЛАМЖЛАЛ БА ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн II хагас жилийн анхны лекц-ярилцлага 2026 оны 3 сарын 4-ний лхагва гаргийн 18:00-20:30 минутад АМТ-д амжилттай боллоо.     

      Тус лекц-ярилцлагын зочноор соёл судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор, зураач доктор (Ph.D) Д.Тангад уригдаж, “Монгол соёлын судалгааны уламжлал ба шинэ чиг хандлага”  сэдвээр лекц уншлаа.

      Тэр бээр лекцийн эхэнд зураач хүн хэрхэн угсаатны зүйн судалгаа хийдэг болсон талаараа өгүүллээ. Түүнийг Москва хотын Нэхмэлийн дээд сургуулийн Үйлдвэр урлалын дээд сургуулийг төгсөж, Монголдоо ирээд, хөнгөн хүнсний үйлдвэрээс үйлдвэрлэн гаргадаг бараа бүтээгдэхүүний шошгоны зураачаар ажиллаж байтал, угсаатны зүйч Х.Нямбуу гуай ажил дээр нь ирж, “Чи нэг даллуураа бариад гүйж байгаа тарвагачин зураад өгөөч” хэмээн зуруулаад, өнөөх зургаа ШУА-ийн ерөнхийлөгч Б. Ширэндэвт үзүүлжээ.  Нэг өдөр Б. Ширэндэв гуай түүнтэй уулзаж, Түүхийн хүрээлэнд хүн бүхэнд өгөөд явуулах фото зургийн аппарат байхгүй тул зураач шаардлагатай байгаагаа хэлснээр, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Угсаатны зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан болж, судалгааны ажлаа эхлүүлсэн түүхтэй ажээ.

Лекцийн нэгдүгээр хэсэгт доктор Д.Тангад угсаатны зүйн судалгааны уламжлал ба шинэ чиг хандлагын талаар ярилаа. Үүнд:

  • 1920-оод оноос эхэлсэн Монгол Улсын угсаатны зүйн судалгааны гол судлагдахуун нь гарал, бүрэлдэхүүн, овог, аймгийн бүтэц, ерөнхий аж ахуй, уламжлалт соёл, гэр бүл, ёс заншлын судалгаа байсан бөгөөд судалгааны ажлууд нь Зөвлөлтийн задлан шинжилж, нэгтгэн дүгнэх гэсэн онолд тулгуурлаж байжээ. Иймээс угсаатны зүйн институци нь хүн суурьтай, монгол төвтэй байсан.
  • Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Их Сургууль болон бусад сургуулийн сургалтын хөтөлбөрүүдэд соёлын антропологи, нийгмийн антропологи, хөгжлийн антропологи, анагаах ухааны антропологи болоод хээрийн шинжилгээний судалгааны талаар тусгагдаж, нэлээд түлхүү орж байна.
  • Антропологийн суурь судалгаа нь барууны антропологийн соёл судалгаа, глобальчлалын, шүүмжлэлийн ба постсоциалист судалгаа, орчин үеийн нийгмийн хөгжлийн анализ гэсэн сэдвээр өргөжин тэлж байна. Өөрөөр хэлбэл Монголын угсаатны зүйн судалгаагаар хязгаарлагдахгүй харьцуулсан, олон улсын онол хэрэглээг тусгасан нийгмийн асуудлыг авч үздэг, онол төвтэй судалгаа руу чиглэж байна.
  • Анагаахын антропологи нь өвчин, эрүүл мэндийн ойлголт, бие махбодын тухай соёлын төсөөлөл, эмчилгээний систем, уламжлалт анагаах ухааны харьцаа зэргийг судалж байна. Энэ нь угсаатны зүйн судалгаа нь эрүүл мэнд, малтай холбогддог гэдгийг харуулж байна.
  • “Өвчин” гэх ойлголтын тухайд авч үзвэл, нэг нийгэм нь өвчнийг нянтай, нөгөө нийгэм нь хийморь, сүлдтэй холбож ойлгож байна. Монгол Улсын хувьд өвчнийг хэрхэн анагаах талаарх судалгаанд уламжлалт анагаах ухаан, бөө мөргөл, уламжлалт зан үйлийн эмчилгээ, буддын анагаах ухаан, орчин үеийн эмнэлгийн системийн харилцаа холбооны талаарх ойлголтууд онцгой ач холбогдолтой. Ер нь дом гэдэг нь монголчуудын хүний бие махбодыг хэрхэн ойлгож байсан хийгээд өвчин ба зовлонг яаж эдгээж байсан тухай ойлголттой холбоотой тул орчин үеийн антродологид хүрээлэн буй орчинтой нь, газар дэлхийтэй нь, экосистемтэй нь өргөн хүрээнд судлах хандлагатай болж байна. Энэ хандлагуудын дагуу монгол домыг судлах шаардлага урган гарсаар байна.
  • ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвөөс монгол соёлыг
  1. Эх хэл судлал, аман аялгуу
  2. Байгаль хамгаалах уламжлалт ухаан
  3. Мал маллах арга ухаан
  4. Уламжлалт баяр цэнгэл, тоглоом наадам
  5. Язгуур ухлаг, уриа дуудлага
  6. Сав, шим ертөнцийн холбоо
  7. Уламжлалт гар урлал гэсэн долоон ай савд хуваан авч үзэж байна.

      Лекцийн хоёрдугаар хэсэгт 50 шахам жил цуглуулсан монгол язгуурын соёлд холбогдох гэр орон, идээ ундаа, ажил хөдөлмөр зэрэгт холбогдох монголчуудын бие даасан сэтгэлгээний илрэл болсон “дом” (зан үйл)-ын талаар ярилаа. Тухайлбал:

  • Тэнгэр хангайг аргадах зан үйлийн хүрээнд “гэрээ хадны цохио, уулын оройг харуулж барьдаггүйн учир”,
  • Эх амаржих, хүүхэд өсгөх зан үйлийн хүрээнд “үрээ голсон ижийд үрийг нь амлуулах зан үйл”, “эцэг малын нэрээр үр хүүхдээ нэрлэх зан үйл”,
  • Монгол мал маллах зан үйлийн хүрээнд “мал муулах тухай”,
  • Гэр ахуйд хэрэглэдэг зан үйлийн хүрээнд “гэрийн багана, ацтай хусан багана, цайны уур нүдүүр, нохойны тухай”,
  • Талийгаачийг нутаглуулахтай холбоотой оршуулгын зан үйлийн хүрээнд “Босгонд шороо асгаад, талийгаачийг авч гарах”, “босгонд дэрс тавьж хугалаад, талийгаачийг авч гарах” зэрэг өдөр тутмын амьдрал ахуйд тохиолддог зүйлээс эхлээд гал усны гэнэтийн аюул, салхи шуурга, өвчин эмгэг тохиоход өөрийн амь нас, үр хүүхэд, мал ахуй, эд хөрөнгөө хадгалан хамгаалахад зориулсан зан үйлийг монголчууд хэрхэн хийсээр ирсэн талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Лекцийн төгсгөлд оюутан судлаач Б. Золбоо болон МУБИС-ийн багш, доктор Л.Цэрэнчимэд нарын асуусан асуултад хариуллаа.

Доктор Д.Тангад дом шившлэг нь эцсийн бүлэгтээ анагаах ухаантай холбогдож байгаа талаар дурдаад, судлаачид судалгааны ажлаас гадна гарын ур дүйтэй байх нь давуу талтай гэдгийг, монгол өв соёлоо хадгалан хамгаалж, өвлүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг тус тус санаж яваарай хэмээн зөвлөснөөр лекц ярилцлага өндөрлөлөө.

Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой өгөөжтэй лекц уншсан эрхэм Д. Тангад болон хүрэлцэн ирж, оролцон сонссон багш, оюутан судлаачдад талархлаа илэрхийлье.

 

Мэдээ бичсэн: Т. Батбямба

2026. 03. 05     13:00