МУИС-ийн багш, докторант Т.Загарпэрэнлэй

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн лекц ярилцлагын 2024 оны 3 дугаар сарын 20-ны дугаарт МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн багш, МУИС-ийн докторант Түмэнбаярын ЗАГАРПЭРЭНЛЭЙ уригдаж, "ОРОН СУДЛАЛ" (БНТУ) сэдвээр лекц уншлаа.

Т.Загарпэрэнлэй багш нь МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарт суралцаж, турк хэл, орон судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд 2012-2014 онд "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнуудын маань нэг юм. Оюутан судлаач байхдаа эхлүүлсэн судалгааны ажлынхаа хүрээг өргөжүүлж, төгсөлтийн ажлаа "Көлтигиний гэрэлт хөшөөний бичээсийн шинэ орчуулга" сэдвээр бичсэн. Үргэлжлүүлэн БНТУ-ын Мимар Синан Урлагийн Их Сургууль, Нийгмийн Ухааны Факультетын Турк хэл, уран зохиолын тэнхимд Эртний Турк хэл судлаач мэргэжлээр суралцаж, магистрын зэргээ "Уйгур Алтан Гэрэл (2-р дэвтэр) судрын монгол, түрэг хэлний харьцуулсан судалгаа" сэдэвт судалгааны ажлаараа хамгаалсан байна.

Тэр бээр "Монгол, түрэг хэлний харьцуулсан судлал", "Эртний түрэгийн хэл, үсэг бичиг судлал", "Эртний уйгурын хэл, үсэг бичиг судлал" гэсэн чиглэлээр судалгааны ажлаа хийдэг бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл арваадыг бичиж, эрдэм шинжилгээний илтгэл хориодыг хэлэлцүүлсэн байна. Тэдгээрийн дотроос “jarliγ~yarliq” болон “lig4” нөхцөлийн бүтэц үүргийг Уйгур Алтан гэрэл тэргүүтэй түрэг сурвалжийн баримтад тулгуурлан тайлбарлах нь” хэмээх илтгэлээ манай төвөөс 2021 онд зохион байгуулсан “Залуу Монгол судлаач” ЭШХ-д хэлэлцүүлж, тус өгүүллээ "Оюуны хэлхээ" эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн.

Т.Загарпэрэнлэй багш нь судалгааны ажлаа хийхийн сацуу гадна яруу найргийн "Галбинга" (Kalavingka) номоо 2016 онд, Нобелийн шагналт зохиолч Орхан ПАМУК-ийн Улаан үст бүсгүй /Red Haired Women/ романыг турк хэлээс монгол хэлнээ 2023 онд орчуулж, уншигч олны хүртээл болгосон.

Түүний яриа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвтэй учран золгож, хөтөлбөрт хамрагдсанаар өөртөө бий болгож чадсан мэдлэг, чадвар, найз нөхөдтэйгөө өнгөрүүлсэн сайхан дурсамжаа хуваалцсанаар эхэлж, Орон судлал гэж юу вэ? орон судлалд ямар ямар ухагдахууныг хамруулж ойлгодог вэ? Өрнийн болон дорнын соёлын ялгаатай байдлаас үүдэж судалгааны ажилд хандах хандлага хэрхэн зөрүүтэй байдаг вэ? зэрэг асуултаар үргэлжлэв. Цаашлаад БНТУ-ын түүх, газар зүй хийгээд хэл, соёлын талаар, ялангуяа орон судлаач мэргэжлийг эзэмшсэн хүний мэдвэл зохих зүйлийн тухай яриаг бид монгол хүн учраас монголын хэл, түүх, угсаа гарвал, соёл, сэтгэлгээний онцлогийг мэдэж зайлшгүй чухалтайг онцлов. Мөн эртнээс нааш монголчууд шашин, арьс өнгөөр хэнийг ч ялгаварлалгүй, тэгш эрхийг хангаж, хуулийг цогцлоож ирсэн түүхэн уламжлалтай гэдгийг сануулж, та биднээс гаднын улс орны тухай бус зөвхөн эх хэл, эх орны маань тухай л асууж, сонирхдогийг өөрт тохиолдсон жишээгээр тайлбарлав. 

Лекц-ярилцлагын төгсгөлд оюутан судлаачид илтгэгчээс хоёр орны хэл, соёлын ялгаатай байдал, та хэрхэн хэл сурсан бэ? турк, түрэг хоёрын гарал угсааны талаар таны үзэл бодол юу вэ? гэх зэрэг асуултыг асууж, хариултаа авлаа.

Түрэгийн хаант улс, Османы Эзэнт Гүрэн, Бэлгэ хааны хөшөө, Көлтигиний хөшөө, Торгоны зам, Огузын 23 овог, Цагаадайн буюу Зүүн түрэг хэл зэрэг олон зүйлээр ОРОН СУДЛАЛ-ын талаар тайлбарласан тус лекц-ярилцлага 2 цаг 30 минут үргэлжлэв.