“БАТ СҮЗЭГТ БАНДИДА ХАМБА ЖАМЪЯНГАРАВ СУДЛАЛЫН ТОВЧ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2023.12.01

             “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 13 дахь хичээлийн жилийн I хагас жилийн лекц-ярилцлага 2023 оны 11 сарын 29-ний лхагва гаргийн 18:00-20:30 минутад АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганболд “Бат сүзэгт бандида хамба Жамъянгарав судлалын товч”  сэдвээр лекц уншлаа. Тэр бээр манай төвийн эрдэм шинжилгээний номын санд “Монголын нүүдэл малжлын түүхэн мөрдөл”, “Оюу чихт хан хөвгүүний тууж тэргүүтэн Монголын сонгодог уран зохиолын хэдэн дурсгал” хоёр номыг өргөн барилаа.

 

 

Лекцийн агуулгыг товч хүргэвэл:

  • Бат сүзэгт бандида хамба Жамъянгарав бол Сайн ноён хан аймгийн Даянжалбуу засгийн хошуу одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутагт төрж өссөн хүн юм. Энэ хүний монгол утга соёлын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээлийг тодолж судлан олны хүртээл болгох ажил 1940-өөд оны сүүл үеэс эхлэн тэр үеийн Гандан хийдийн хамба Эрдэнэпил, хамба Гомбожав, акадесич Ц.Дамдинсүрэн, Д.Цэрэнсодном, нэрт төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар нарын зэрэг олон хүний хичээл зүтгэлээр өдий хэртэй бүтэж цогцолжээ.
  • Урд дүр Түвдэн “Намайг нөгчөсний хойно хэдэн жил өнгөрөөд төрөл авна, түүний нэр нь Зөөлөнд дуудах (jam du bod) надаас үлэмж эрдэм төгс, шажин дэлгэрүүлэхийн үйл бүхнийг үйлдэж, зарим үе мунхгийн дүрт, зарим үе догшин хилэнгийн дүрт. Түүнийг төрөлхтөн бүхэн сайтар магтвал үнэхээр ариун мөрийг зохиож чадах болой. Хилэнцэн нүгүд бээр эгэлд үзэх, ...тусгаар буй аваас ариун эзний номлол бүжиг ёэлт дэлгэр болох, үйл явдал муу хэмээгээд сүсэггүй үйл нүгүдийг бүү хураагтун” хэмээн айлдсан байна.
  • Гэгээнтний хувьд төрснөөс хойг үсэг сурах наснаа өөрөө өөрийн хүчээр На мо хэмээн өгүүлсэн бөгөөд -сав шар үсгийг өгүүлэхийн төдийд бэрхшээлгүй сэтгэлдээ багтаасан, жигжидийн уншлага сурах үест сор залах, жинсрэг цутгах сэлт эгэлийн наадамд адилтгашгүйг зохиосон юм. Түүгээр ч зогсохгүй Жавчог цоржоор уншлага заалгах үестээ “дээдсийн дамар нэгэнд мутрын дохио үзүүлээд энэ миний дамар мөн шүү, нөгөө нэг дамар нь хаа буй? Хэмээн өгүүлсэн зэргээр эгэл биш төрөлтөн гэдгээ үзүүлсэн ажээ.
  • Гэгээнтэн нас хүрэх үедээ шунлайб Жинбагэлэгбалсамбуугаас гэнэн сахил хүртэж, очир хөлгөний гол гол номлол бүтээлийг сайтар үзэж бараад, Гандан тивийн их ринбүчи гэгээнээс “Түвдэн хувилгааны хойтох нэгэн нь Жамъянгарав мөн” хэмээн  1874 онд залжээ. 1905 онд бат сүзэгт хамбо хэмээх цол болон тамга өргөж хамбын хэрэгсэл бүрэн гүйцсэн байна.
  • 1910-аад оны орчимд ухааны 5 ботийг дуусгаж, баясахуй номлол олныг үйлдээд гавжийн мяндагийг сайтар эцэст хүргэн зохиосон, гал луу жил (1916) Богд их номун хан бээр “Шажин төр хоёулын цаазыг бариж” ёсыг эши үзүүлсэн зөөлөн цогтын язгуур үндэснээс гарсны тайлбар гэтэлгэн номлохын дуун эгшиг” хэмээхийг туурвиад Их Хүрээнд очиж Их номын хаан-д тэрхүү судар, мандал нүдний эм сэлтийг өргөжээ. Гэтэлгэгч чухал дээдийн хувилгаан номын хаан ринбүчийн гэгээнээс хэмжээгүй их баяр хурим зохиож бандида хамбын цол соёрхсон байна.
  • Багш шавь барилдсан хийгээд ном эрдэмд цагаарсан ёсон нь: Түгж хиа, багш Жавчог, шунлайба Жинбагэлэгбалсамбуу, шинса бандида Лувсанцүлтимпунцогбалсамбуу, мэргэний эрхэт Сүндорж, ринбүчи Сампилдондовбалсамбуу, шунлайба ринбүчи Лувсанванчиг, бэлгэт Лхүндэвдэва, Банчин Дэлэгням, цорж Гэлэгжамба Мэргэний эрхэт Гэлэгдондовдорж ринбүчи Лувсанжиг мэдданбийжалцан, Жамъянлодойнамжил, дээд бутээлч Авхиа нэрт, хувилгаан ринбүчи Лувсанданзанпэрэнлэйтогмидбалсамбуу, Хувилгаан Цэвэлванчигдорж, гавж Дондов нэрт, Лувсандамбачойнпилбалсамбуу, мэргэний эрхэт шунлайба ринбүчи Лувсандондов буюу Галсанцэвээн, гавж Гэлэгсамдан, гавж Биръяашанди нэрт, гавж Цансрийгавийлодой нарын зэрэг нутаг хошуу болон ойр зэргэлдээх хошуу хийдийн нэр алдарт багш  мэргэдээс дээдсийн номлол  бүтээлийг сонсожээ.
  • ... Авшигийн аймгаас нэр бүхий 8 судар, Даган соёрхлын аймгаас 24 судар, Хөтөлбөрийн аймгаас 14 судрыг тус тус номоор багш хийж сурчээ. Намтарт нэр дуртгасныг нэгтгэж үзвэл энэтхэг, төвөд, монголын 60 шахам хутагт мэргэдээс их бага хөлгөний 1330 гаруй судар шастир заалгаж сонсож, арван ухааны судрын аймгаас 100 шахам ном судар үзэж бясалгасан байна.
  • Гандантэгчинлин хийдийн номч лам Ц.Түмэн-Өлзийн бичиж цуглуулсан “Монгол лам нарын төвд хэлээр туурвисан бүтээлийн цэс”-д “Богд Дээд хувилгаан мэргэн бандида бат сүсэгт хамбо Жамъянгарав” /1861-1917/ гэх нэрээр орсон Ханчин хамбын бүтээлийн жагсаалт, Архангай аймгийн Жаргалант сумын Асаат багийн иргэн Дагванамсан гуайн хувийн цуглуулгад хадгалагдаж буй “Богд дээд хувилгаан мэргэн бандида бат сүзэгт хамбын сүмбумын гарчиг үндэс лүгээ сэлт оршвой” сударт буй бүтээлийн жагсаалт зэргийг гар дор авах материалд ашиглаж үзвээс гэгээнтний туурвиж бүтээсэн нь 9 (13?) боть сударт 140 гаруй зүйл нэр бүхий ном олджээ.
  • Гэгээнтний өөрийн зохиосон ном, хөлгөн судруудыг олж, ангилан судалсан байна. Тэдгээрийн дотроос ...аман эшлэлээс бичигт буулгасан эхний нүүр гарчиг байхгүй Монголын үсэгт тэмдэглэгдсэн хаадын уг бичвэрийг судлан, түүхэн сурвалжаас зөрүүтэй агуулгыг шинжлэн үзэхдээ: Чингис хааныг сорьсон ваартай дарс, Их хааны нэр хийгээд тамга бүтсэн ёс, түүний бичээс, Гунгаажалцан бандидын үзүүлсэн шид, Тогоонтөмөр хаан Дайдугаас гарсан нь, Хаан төрийг ёс бусаар авсан хятадын Лиү Зи гэсэн дөрвөн хэсэгт хуваан судалсан нь ихэд сонирхол татлаа.
  • ... Гэгээнтний талаар Д.Ганболд багш суурь судлгааг маш сайн хийсэн бөгөөд гадаад дотоодын нийт 3 хурал, баримтат кино, Жамъянгарав судлалын 3 боть ном төдийгүй төрсөн сум орон нутагт нь их ажлыг хийсэн байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй уншъя гэвэл ном болон баримтат киног нь үзээрэй.
  • Мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл