“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧЛЭГИЙН БҮТЭЦ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧЛЭГИЙН БҮТЭЦ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2023.03.17

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн II хагас жилийн лекц-ярилцлага 2023 оны 3 сарын 15-ны лхагва гаргийн 18:00-20:30 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор Антропологийн судлаач, доктор (Ph.D) И.Бямбабаатар “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичлэгийн бүтэц, анхаарах асуудал”  сэдвээр лекц уншиж, гадаад сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх болон бүтэц арга зүйн анхаарах асуудлын талаар өөрийн мэдлэгээсээ өргөн дэлгэр хуваалцаж, залуу судлаачдад  ерөнхийгөөс нарийвчлан судлах арга зүйд суралцахыг уриаллаа.

Лекцийн агуулгыг товч хүргэвэл:

  • Өгүүллийн бүтэц нь /гарчиг, хураангуй, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт/хэлэлцүүлэг, талархал, тайлбар, ном зүй/ гэсэн үндсэн бүтэцтэй байна.
  • Гарчиг нь агуулга илэрхийлэх, анхаарал татах, асуудал дэвшүүлсэн байх бөгөөд үндсэн гарчиг дэд гарчиг байж болно.
  • Хураангуй нь тухайн сэдвийн тухай, судлаачдын судалсан чиглэл, байр суурийг илэрхийлсэн 150-300 үгтэй байна. Хураангуйгаас таны судалгааны ажлын бүтэц харагдаж байх хэрэгтэй.
  • Удиртгал хэсгийн эхэнд асуудал дэвшүүлсэн байх хэрэгтэй судалгааны ерөнхий сэдвээ уншигчдад танилцуулаад яагаад чухал болох тухай нэг догол мөрөнд багтаан бичнэ.
  • Дараа нь судалгааны аждын тоймыг хийнэ: Үүнд судлагдсан байдлын тойм, нэгтгэж, тоймлосон, судалгааны үр дүн,  онолын байр суурь, цаг хугацаа зэргээр базаж, нэгтгэж тоймлоно. Энэ нь 1-4 догол мөр байвал зүгээр.
  • Орхисон асуудал: Судлаачдын судлаагүй орхисон, эсвэл судлаачид судалж байх явцад гаргасан алдаа, үгүйсгэсэн зэрэг судалгааны сул тал, үлдээсэн орон зайг тодорхойлно.
  • Асуулт: Уг орон зайг нөхөж судлах, эсвэл тухайн судалгааг нэг алхам урагшлуулахад юу хийх шаардлагатай талаар дэвшүүлж судалгааны асуултаар асууна.
  • Шинэ санаа: Уг судлаагүй орхисон эсвэл тодруулах судалгааны үр дүнгээр гаргасан шинэ санааг хэлнэ.
  • Баталгаа: Яаж уг санааг гаргасан гэсэн баталгаагаа хэлнэ. Судалгааны үр дүнгээр суурилна.
  • Арга зүй: Уг үр дүнг гаргахын тулд ямар судалгаа, арга зүйгээр судалсан тухай дэлгэрэнгүй хэлэлцүүлнэ.
  • Хязгаарлах зүйл: гаргасан байж болох эсвэл судлаачаас үл шалтгаалах хүчин зүйл, давагдашгүй, судлаачийн эргэлзээг хэлнэ.
  • Бүтэц: Өгүүллийн бүтцийг товч хэлнэ.
  • Үндсэн хэсэг: Хэдэн ч хэсэгтэй байж болно. Хэсэг тус бүр эмпирик судалгааны үр дүн, онолын чиг хандлага оруулж буй хувь нэмэр, хэлэлцэл гэх мэт зүйлүүдийг ерөнхийгөөс нарийвчилсан байдалтай оруулна.
  • Эцэст хэлэхэд өгүүлэлд догол мөр буюу параграф чухал байдаг учир нь нэг доголом мөр 4-10 өгүүлбэр л байна нэг өгүүлбэрийн хэмжээ 15 үгнээс хэтрэхгүй байх хэрэгтэй. Нэг санааг илэрхийлсэн параграф бичихдээ оновчтой үг хэрэглэх, идэвхгүй үгээс зайлхийх, бүрэн гүйцэт өгүүлбэрээр бичих, эшлэл зүүлт бүрэн байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл /ЭША/