“МОНГОЛЧУУДЫН УРАГ ТӨРӨЛ: ОВОГ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

“МОНГОЛЧУУДЫН УРАГ ТӨРӨЛ: ОВОГ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2022.10.28

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн хоёр дахь лекц-ярилцлага 2022 оны 10 сарын 26-ны лхагва гаргийн 18:00-20:30 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор Өвөр Монголын Их Сургуулийн Угсаатан зүйн тэнхимийн багш доктор (Ph.D) Хоньчууд Н.Гэрэлт уригдан “Монголчуудын ураг төрөл: Овог” сэдвээр лекц уншин өөрийн мэдлэгээсээ өргөн дэлгэр хуваалцаж, ирсэн багш, судлаач, оюутан хэн бүхний асуултад сонирхолтойгоор хариуллаа.

            Н.Гэрэлт багшийн лекцийн агуулгыг товч хүргэвэл:

  • Ураг төрөл нь хүмүүсийн нийгмийн харилцаанд маш чухал үүрэгтэй. Монгол овгийг бүтээдэг хамгийн чухал зүйл бол нэр юм. Нэр нь шүтээн, орон зай гэх мэт олон зүйлээр дамжин бүтээгддэг.
  • Монгол овог бол монголчуудын ураг төрлийн доторх нэг бүлэг юм. Энэ нь тасралтгүй бүтээгдэж байдгаас гадна монголчуудын ертөнц дэх газар орны байдал, түүх, нийгмийн олон шалтгаанаас үүдэн олон талт шинжтэй байдаг. Монгол овог нь хүний нэрийн хэрэглээ болохын хувьд түүний нэг хэсэг нь болж байдаг.
  • НЭР ЗҮЙ БА СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА: Орчин цагийн эрдэм шинжилгээний хүрээнд голдуу оноосон нэрийг заадаг. Оноосон нэрийн утга, үүсэл, үүрэг, хэрэглээ, тархалт зэргийг судлах шинжлэх ухааныг заадаг бөгөөд нэр зүй нь хүний нэр (Anthroponymy), хүний бүлгийн нэр (Socionymy, Ethnonymy), газрын нэр (Toponymy), амьтны нэр (Zoonymy), ургамлын нэр (Phytonymy), бүтээгдэхүүний нэр (Ergonymy), цаг үеийн нэр (Chrononymy) гэх мэт төрөл зүйлүүдэд хуваагдана.
  • XI зууны үеэс хүний нэр болон газрын нэрийг судлах суурь тавигдаж XX зууны эхэнд Европ-Америкт хөгжжээ. Олон улсын нэр зүйн холбоо нь 1938 онд Парист байгуулагдсан байна. одоо бол Шведийн Uppsala хотод байрлаж байна.
  • ХҮНИЙ НЭРИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАЙДАЛ: Хүний төрөлхтний түүхэн явцад нэгээс хоёр буюу олон нэр хэрэглэх болжээ. Дэлхий дахины хүний нэрийн хэрэглээ дан ганц нэр, хоёр нэр, гурван нэр ба түүнээс дээш байдаг бөгөөд олонх улс орон хоёр буюу овог ба нэр гэснээр хэрэглэж байна.
  • МОНГОЛ НЭРИЙН ХЭРЭГЛЭЛТ БА ТӨРӨЛ: Монгол улс нь 1925-1990 онд эцгийн нэрээр овоглож байсан. 1990-2007 онд хуульчлах явц өрнөж 2007 онд гурван нэр хэрэглэх болсон байна. Буриад, Халимаг хоёр нэрийн систем нь зөвхөн эцгийн болон өөрийн нэрийг хэрэглэж байгаа бол Өвөр Монгол нэг нэрийн шатандаа байна. Гэвч олонх монголчууд өөрийн овгоо  мэднэ. Судалгааны дүнгээс харахад 50% нь монгол овгоо мэддэг ч хэрэглэдэггүй 40% нь монгол овог болон хятадажсан овогтой  харин үлдсэн нь овгоо мэддэггүй байна.
  • Монгол овгийн төрөл зүйлийн тухайд хүний дуудлага нэрээс үүсэлтэй, уг гарлаас үүссэн, ажил мэргэжил биеийн гарлаас үүсэлтэй, оршин амьдарч байсан газар орноос үүсэлтэй, хоч цолоос үүсэлтэй байдаг.
  • Монгол овгийн хэрэглээний асуудалд дараах хэдэн зүйл чухал хэмээн үзэж байна.  Монгол улсын овгийн нэрийн сонголт, Өвөр Монголчуудын овгийн нэрийн хэрэглээ, Монгол овгийн нэрийн хэрэглээний асуудлууд нь Монгол улсын овгийн нэрийн сонголт, Өвөр Монголчуудын овгийн нэрийн хэрэглээ, Буриад Халимагуудын овгийн нэрээ сэргээн хэрэглэх тухай хамгийн сүүлд нь хууль зүйн баталгаатай бол Монгол овгийн цаашдын замналд нэн хэрэгтэй хэмээн үзэж байна.

 

Лекцийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Хоньчууд овогт Н.Гэрэлт танд маш их баярлалаа. Мөн хүрэлцэн ирсэн хүндэт багш, судлаач, оюутан залуус, үе үеийн төгсөгч нартаа баярлалаа. Та бүхний цаашдын замд гэгээн бүхнийг ерөөе.

 

Тайлан бичсэн: ЭША Д.Лхагвагэрэл 11:30 минут