“ОЮУТАН СУДЛААЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн нээлт боллоо.

Тус үйл ажиллагаанд МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч профессор Г.Нандинбилиг, доктор Г.Нарантунгалаг, доктор Д.Нямдорж, докторант М.Пагмадулам, Х.Чойдогжамц, И.Даваадорж, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш доктор Г.Цэцэгдарь, доктор Р.Сарангэрэл,  нар урилгаар оролцлоо.  Мөн тус тэтгэлэгт хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, АМТ-ийн ажилтнууд оролцсон болно.

2021-2022 оны хичээлийн жил “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 24 оюутан хамрагдаж, 14 оюутан “Эрдмийн хэлхээ” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн болно. “Эрдмийн хэлхээ” XI ботийн  онцлог нь редакцын зөвлөлтэй болсон ба судалгааны чиглэлээс хамраач их дээд сургууль болон ШУА, ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилчидтай хамтарч сэтгүүлээ эрхлэн гаргасан болно. Ингэснээр бидний чанар улам сайжир ч байгаагийн нэг илрэл юм.   

 

            Нээлтийн үйл ажиллагааны үеэр 2020-2021 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байруудыг эзэлсэн оюутан судлаачдад өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг хадгалуулав. Тэргүүн байрыг Монгол Улсын Их Сургуулийн, Утга зохиолын ангийн III түвшний оюутан М.Анухатан “Хөвөлзөх ертөнцийн зураач” зохиолын итгэж үл болох хүүрнэгч (unreliable narrator)-ийн онцлог”, дэд байрыг Монгол Улсын Их Сургуулийн, Утга зохиолын ангийн II түвшний оюутан “Монгол бөө мөргөлийн соёл, аман яруу найргийн нэр томьёоны зарим англи орчуулгын харьцуулсан судалгаа” сэдвээр, гутгаар байрыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Монгол хэл уран зохиолын II түвшний оюутан Л.Цэцэнбилэг “Нүүдлийн болон суурин соёл иргэншил зүйр цэцэн үгэнд туссан нь” сэдвээр, тусгай байрыг Улаанбаатарын Их Сургуулийн, Археологийн ангийн IV түвшний оюутан Ж.Энхзул “Буган хөшөөнд дүрсэлсэн бамбайн хэлбэр, үүрэг зориулалт, утга агуулгыг нэхэн тодруулах нь” сэдвээр тус тус шалгарсанд урамшуулан шагнав. “Оюутан судлаач” хөтөлбөрийн оюутнуудыг төлөөлөн МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын IV ангийн оюутан М.Анухатан үг хэлэв. Мөн ЮНИСКО-ийн ивээл дор Нүүдлийг Соёл Иргэншлийн Судлах Олон Улсын Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Зулбаатар үе үеийн төгсөгч нарыг төлөөлж судлаач дүү нартаа үг хэллээ.

Оюутны судалгааны ажлыг удирдан, АМТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг учир удирдагч багш нараас МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Г.Нандинбилиг, багш Д.Нямдорж, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн  багш О.Отгонбаатар, МУИС-ийн УБС Археологийн тэнхимийн багш Т. Идэрхангай нар шалгарч, талархал, мөнгөн шагналаар шагналаа.

 

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн багш, оюутнууддаа судалгаа, эрдэм шинжилгээний өндөр амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих нөхцөл боломжоор хангаж, дэмдэг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.

Мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл