“XVII ЗУУНЫ ЭХЭНД ОЙРАДУУДЫН БАРУУН ТИЙШ ХИЙСЭН НҮҮДЭЛ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2022.03.22

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн найм дугаар лекц-ярилцлага 2022 оны 3 сарын 16-ны лхагва гаргийн 18:00-20:12 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Нэргүйн Баярцэцэг оролцож “XVII зууны эхэнд Ойрадуудын баруун тийш хийсэн нүүдэл” сэдвээр лекц уншихын зэрэгцээ АМТ-д “ОЙРАД МОНГОЛ-ОРОСЫН ХАРИЛЦААНЫ ТҮҮХ (1606-1676)” номоо бэлэглэлээ.

Н.Баярцэцэг багшийн лекцээс товч хүргэвэл:

  • Ойрад Монгол, Оросын харилцааг судлахад ойрадуудын хийсэн нүүдэл суудал, газар нутгийн байрлалыг судлан тодруулах нь чухал ач тустай. Судлаачид нүүдлийн он цаг, учир шалтгааныг тэмдэглэсэн нь нэлээдгүй байна. Энэ нүүдэл нь Халимаг улстай салшгүй холбоотой байна.
  • Ойрадуудын Эрчис мөрний дээд урсгалын газарт очсон он цаг, тэндээс Ижил (Волга) мөрний адагт очиж суурьших хүртэлх нүүдлийн явц, бэлчээр нутаг, нөлөөлсөн хүчин зүйлийг илүү өргөн хүрээгээр орос сурвалжийн мэдээнд тулгуурлан лавшруулж судлах хэрэгтэй юм. Оросын архивын баримтууд Эрчис мөрний эхээр Торгууд, дөрөвдүүд хамт нутаглаж байсан эсэх, Торгуудын хамт Дөрвөд, Хошуудын зарим хэсэг анх Ижил мөрний адагт очсон эсэх, Сибирийн газар нутгийн талаарх Ойрадын ноёд, Орос улсын үзэл бодлын зөрүү, 1628 онд юуны учир эх нутгаасаа нүүх болсон шалтгаан зэрэг зарим маргаантай, бүрхэг асуудлыг тодруулах боломжийг олгож байна.
  • XVII зууны эхэн үед Дөрвөд Ойрадын холбоо нь Дөрвөд, Торгууд, Хошууд, Цорос гэсэн дөрвөн аймгаас бүрдэж байв. XVI зууны сүүлчээс Дөрвөд Ойрадын нутаг нь баруун урдуураа Хами, хойгуураа Эрчис голын эх, Хэм гол, Хөвсгөл далай, зүүн талаараа Хангайн уулсын баруун бие, уруудаараа Хөх нуур, Цайдамын хойд талд хүрч эргэн тойрон нүүдэлчидтэй хиллэж байжээ.
  • XVI зууны сүүл үеэс Ойрадыг зүүн талаас нь Халхын Абтай сайн хан, дараа нь Хотгойдын Алтан хан, баруун талаас нь хасагууд довтлох нь улам ширүүсчээ. Эдгээр довтолгоо Ойрадын зарим ноёдыг газар нутгаасаа нүүж явахад зохих хэмжээгээр нөлөөлөх болов.
  • Ойрадуудын нүүх болсон шалтгаан: Халхын довтолгоо, малын өсөлт, шинэ бэлчээр, дайн тулаан, эдийн засаг, амар тайван амьдрал, оросын дарамт шахалт зэргээс болсон байна.
  • Ойрадын нүүдлийн үечлэл: 1604-1615 Торгууд, Дөрвөдийн нүүдэл, 1615-1627 Дөрвөд Ойрадын нүүдэл, 1628-1632 Торгууд Ижил мөрний нүүдэл
  • 1604-1615 онд нүүдэл хоёр үе шаттай явагджээ. Нэгдүгээрт: Хо өрлөг тэргүүтэй торгуудууд суугуул нутгаасаа баруун хойд зүг нүүж, Орын ганц мод улмаар Эрчис мөрний дээд урсгалд очиж нутаглажээ. Хоёрдугаарт, 1614-1615 онд Торгууд, дөрвөдүүд Эрчис мөрөн, Камышлов, Омь мөрнөөс баруун тийш Ишим гол хүрсэн байна.
  • 1615-1627 Ойрадууд байнгын шилжилт, хөдөлгөөнд оршиж эхэлсэн байна. Баруун тийшээ Уфа хүрч, тэндээс буцаж Эрчис мөрөн, Камышловт ирсэн байна. Орос улсын зүгээс ойрадуудыг Сибирийн нутаг дэвсгэрт дураар нутаглахгүй, харин Оросын хааны зөвшөөрлийг авах ёстой тул урьдчилан элч илгээн мэдэгдэж байхыг шаардаж байжээ. Энэ бол Ойрадын нүүдлийг хянах, улмаар хязгаарлах гэсэн Орос улсын үндсэн зарчим юм. Гэвч Ойрадын ноёд “бид өөрсдийн газар нутагт байна, харин хааны нутагт биш” гэж үзэж байсан нь хоёр талын газар нутгийн маргаанд ойлголтын том зөрүү байсныг харуулж байна.
  • 1628-1632 энд үед нүүдэл хоёр үе шаттай явагдсан байна. Нэгдүгээрт 1628-1629 онд Эмба, Урал мөрөн рүү Чүүхэрийн эвсэл, тэдний араас Хошуудын Төрбайх, Дөрвөдийн Далай, Торгуудын Хо өрлөг нар очжээ. Хоёрдугаарт 1630-1632 оны хооронд Торгуудын Хо өрлөг, Дайчин нар Эмба , Яик (Урал-Н.Б.) мөрний газраар үлдэж, Дайчин тайш улам барууншиж Ижил мөрний адагт анх очиж суусан байна. Харин Хошуудын Төрбайх, Дөрвөдийн Далай тайш нар зүүн тийш буцаж нүүсэн байдаг.
  • Орос сурвалжийн мэдээгээр 1632 онд Хо өрлөгийн хүү Дайчин тайш Ижил мөрний адаг урсгалд анх очсон байдаг. Харин 1635 оны орчим Хо өрлөг хүүгийнхээ араас Ижил мөрний адаг урсгалд очжээ. Ийнхүү Ижил мөрний адагт анх торгуудын Хо өрлөг бус түүний хүү Дайчин тайш очсон нь түүхэн баримттай юм. Ойрадын бэлчээр сайтай нутаг бол Ижил мөрөн Эрчис мөрөн юм.
  • Та бүхэн багшийн судалгааны ажлыг дэлгэрүүлэн уншихыг хүсвэл АМТ-ийн номын санд багшийн бэлэглэсэн хоёр ном байгаа шүү

Лекцэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид үе үеийн “Оюутан судлаач” нартаа баярлалаа.

 

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл ЭША12:30