“СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2022.02.17

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн зургаадугаар лекц-ярилцлага 2022 оны 2 сарын 16-ны лхагва гаргийн 18:00-20:12 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, “Оюутан судлаач” хөтөлбөрийг санаачлагч Гүррагчаагийн Цэцэгдарь оролцож, “Судалгааны арга зүй” сэдвээр лекц уншихын зэрэгцээ АМТ-ийн тухай болон “Оюутан судлаач” хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй ярилаа. Тэр бээр өөрийн судалгааны үндсэн чиглэлийн тухай ярихдаа “Миний судалгааны сэдэв “Дундад үеийн монгол хэл” буюу XII-XVI зууны үед хамаарагдах монгол хэлийг судалдаг. Одоо миний гарт 1992 онд хэвлэгдсэн “Монгол хэлний түүхэн хэл зүй” гэсэн ном байна. Энэ номтой анх танилцсан нь 1993 оны намар бөгөөд энэ номд ашигласан эх материалыг хараад эдгээр номыг эх хэл дээр нь уншиж чаддаг болох хүсэл төрж, судлаач болохоор шийдсэн” тухайгаа хэлсэн юм.

            Г. Цэцэгдарь багшийн лекцийн агуулгыг товч хүргэвэл,

  • “ХЭН СУДАЛЖ БАЙНА ВЭ?”
  •  
  • “ЮУГ СУДАЛЖ БАЙНА ВЭ?”

Судлах зүйлээ олж сэдвээ тодорхойлно. Тухайн шинжлэх ухааныхаа талаарх ерөнхий ойлголттой болж улмаар “Сэдвийн томьёолол”-оо зөв гаргах хэрэгтэй. Үүний дараагаар тухайн сэдэвтэй холбогдох материалыг цуглуулж, судалгааны тойм, ном зүй гаргах хэрэгтэй.

Үүний дараа судалгааны бүтцийг тодорхойлдог. Бусдын судалгааны бүтээлээс авч ашиглахдаа тухайн бүтээлд бичигдсэн хэлээр, үг үсгийг өөрчлөлгүй эшлэх нь чухал.

  • “ЯМАР АРГААР СУДАЛЖ БАЙНА ВЭ?”

Судалгааны олон арга зүй байдаг. Түүний дотор ерөнхий арга, тусгай арга (шинжлэх ухааны тухайн салбарын арга) гэх мэтээр судалгааныхаа аргыг тодорхойлох хэрэгтэй. Өөрийн сэдэвт холбогдох бүтээлүүдтэй танилцах явцдаа эл сэдэвт ямар арга зүй тохирох болохыг тодорхойлно.

  • “ЮУНД ТУЛГУУРЛАН СУДАЛЖ БАЙНА ВЭ?”

-Онолын түвшинд судлахдаа хамгийн чухал нь унших юм. Тухайн сэдэвтэй холбоотой ном зүйн жагсаалтаа гаргаад, ном зүйн бүртгэлээ хийх хэрэгтэй. Хэрэв ном зүйн жагсаалт гаргачихвал судалгааны суурь бүтээлүүдтэй танилцсан байна гэсэн үг. Онолын номыг уншихад олон давтагдаж буй хэсгийг эшлээд байвал тэр ном суурь бүтээл гэсэн үг юм. Эшлэл, зүүлт хийж сурах хэрэгтэй. Эшлэл, зүүлт хийх стандарт нь тухайн сургууль, байгууллага бүрд өөр өөр байдаг.

“Судалгааны эх хэрэглэгдэхүүн” гэдэг нь ямар эх сурвалж, ямар эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан энэ судалгааны ажлыг хийсэн болохыг хэлнэ. Үүнээс хавсралт гэдэг зүйл гарч ирнэ. Хавсралт нь судалгааны ажил хийхэд баримт хэрэглэгдэхүүн, суурь үндэс болсон зүйлийг хэлдэг.

  • “Талархал” гэдэг нь судалгааны ажилд тус нэмэр болсон хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлж буй хэрэг бөгөөд нөгөө талаас судалгааны ажил бодитой хийгдсэн гэдгийг баталж байгаа баримт болдог. Тийм учраас гадаадын орнуудад энэ талархал гэдэг хэсгийг заавал оруулдаг.
  • Сэдвийн томьёоллоос хамаарч судалгааны ажлын бүтэц гарч ирнэ. Судалгааны ажлын бүтэц бол яг хүний бие цогц шиг нэгдмэл байх хэрэгтэй. Залуу судлаачид судалгааны ажлын үр дүн дүгнэлт хоёрыг андуурах тохиолдол байдаг учир үүнийг анхаарахыг сануулав.

 

ЛЕКЦИЙН ХОЁРДУГААР ХЭСЭГТ

АМТ-ийн “Оюутан судлаач” хөтөлбөр 11 жилийн турш ямар үйл ажиллагаа явуулж байсан талаарх танилцуулга, үйл ажиллагааны түүхэн зургийг номын сангийн эрхлэгч Т.Батбямба, ЭША Д.Лхагвагэрэл нарын бэлтгэсэн он оноор нь тухайлан танилцуулав.

Мөн Г.Цэцэгдарь багш АМТ-ийн тухай, хөтөлбөрийн тухай, өнөөдөр ямар амжилтад хүрсэн тухай дурсамж яриа өрнүүлэн энэ хичээлийн жилийн хүүхдүүдэд идэвх санаачилгатай, хичээл зүтгэлтэй байхыг уриаллаа.

            Лекцэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид үе үеийн “Оюутан судлаач” нартаа баярлалаа.

Тайлан бичсэн: ЭША Д.Лхагвагэрэл 11:30 минут