card

“ОЮУТАН СУДЛААЧ” ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 2021-2022 оны хичээлийн жилд шинээр оюутан шалгаруулан авах зарлалыг 2021 оны 9-р сарын 24-ий өдөр гарган, монгол судлалын чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг, мэргэжлийн тэнхим бүхий их, дээд сургуулиудад түгээсэн юм. Тэтгэлгийн өргөдлийг анх удаа Google Form флатфорумыг ашиглан, цахимаар бүртгэсэн бөгөөд I шатны шалгаруулалтад 10-р сарын 15-ы өдөр хүртэл өргөдөл хүлээн авсан болно.

Цахимаар илгээсэн материалтай танилцан, I шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудын II шатны сонгон шалгаруулалтыг 2021 оны 11-р сарын 4-ий пүрэв гараг АМТ-д зохион байгууллаа.

Уг шалгаруулалтад хүсэлт гаргасан оюутнууд өөрийн сонирхон хийх судалгааны ажлын ерөнхий танилцуулга, удирдагч багшийн тодорхойлолтыг авч ирсэн юм.

Танилцуулгадаа, сэдвийн томьёолол, сэдвийн тухай товч танилцуулга, сэдэв сонгосон учир, сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын зорилго, судалгааны ажлын бүтэц, номзүй гэсэн зүйлсийг багтаах шаардлага тавьсан билээ.

2021-2022 оны хичээлийн жилийн хөтөлбөрт хамрагдахаар МУИС, МУБИС, Идэр, Отгонтэнгэр Их сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн салбарт суралцдаг 15 оюутан судалгааны ажлын танилцуулга хийлээ. Танилцуулгын дараагаар АМТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтнууд оюутнуудад судалгааны сэдэв сонгох, сонгосон сэдвийнхээ дагуу материал цуглуулах, ингэхдээ жинхэнэ судалгааны баримт болон хуурмаг баримтуудыг ялган ашиглаж сурахын чухлыг захиж зөвлөлөө.

“Оюутан судлаач” хөтөлбөрт хамрагдахаар судалгааны ажлын танилцуулга хийсэн нийт оюутнууд, судалгааны ажлыг нь удирдахаар санал, хүсэлтээ ирүүлсэн багш нартаа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс талархал илэрхийлье.