«ЭНХ ЦАГ» ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй «ЭНХ ЦАГ» чөлөөт ярилцлагын 2019-2020 оны хичээлийн жилийн 2 дахь дугаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны Баасан гарагт болж, бид «Оюуны хөгжлийн багц мэдлэг» сэдвээр ярилцлаа.

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг зохион байгуулж, Си Ай Си Эм байгууллагын нягтлан А.Нархажид, АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 4-р түвшний оюутан Б.Бямбасүрэн, МУБИС-ийн  Монгол хэл, уран зохиолын багшийн 3-р түвшний оюутан Х.Загарзүсэм, Д.Нарантуяа, АШУИС-ийн 3-р түвшний оюутан Б.Ундармаа нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:30 минутад өндөрлөв.

Бид «Оюуны хөгжлийн багц мэдлэг» сэдвийн хүрээнд:

  • Нийт 4 дэд сэдэвт хувааж, эхний хэсэгт оюуны хөгжил, олон талт оюун ухааны тухай ярилцаж, IQ-Intelligence Quotient буюу оюуны итгэлцүүрийн үүсэл, Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине, Энэтхэгийн "цээж тооны" рекорд тогтоогч Шакунтала Дэеи, АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Левис Терман нарын сонирхолтой баримттай танилцан,  оюуны чадварын тест ажиллалаа.
  • 2 дахь хэсэгт TS-Thinking Spot буюу сэтгэн бодохуй, сэтгэх чадварын талаар санал бодлоо солилцон, сэтгэн бодох аргын зөвлөгөө мэдээлэл хүргэн,  оюун ухаан нь боломж хэлбэрээр байдаг бөгөөд сэтгэх чадвар нь тэрхүү боломжийг ашиглах арга хэрэгсэл болж өгдгийг таньж мэдлээ.
  • 3 дахь хэсэгт LL-Lifelong Learning буюу суралцах чадвараа сайжруулах аргуудаас зөвлөгөө мэдээлэл хүргэн, асуулт асуух аргын талаар дэлгэрэнгүй ярилцаж, сэтгэхүй хөгжүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулах хөгжөөнт тоглоом тоглов.
  • 4 дэх хэсэгт Ой тогтоолт-Memory хөгжүүлэх аргачлал, ой тогтоолтын зарчим, хэлбэр, төрлийн талаарх ерөнхий мэдлэг, мэдээлэлтэй болов. Ой тогтоолт хөгжүүлэх аргуудаас үндсэн 2 аргыг дадлага хэлбэрээр туршин ажиллалаа.
  • Дээрх 4 дэд сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, зөвлөгөө өгөх цаг гаргаж, хувийн дүгнэлтээ хэлцгээн «Энх цаг» чөлөөт ярилцлагын энэ удаагийн дугаар өндөрлөлөө.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа. Та бүхний оюун мэргэн, үзэг хурц байг.

Мэдээ бичсэн: М.Билгүүнчимэг 2019.11.11